Б.Жавзан: 6 настнуудын буруугаа мэдэрдэг үе учраас нийгэмшлийн харилцаанд нь анхаарах хэрэгтэй

Сэтгэлзүй, Сэтгэц Хэмжилзүйн Үндэсний Хүрээлэнгийн сэтгэлзүйч Б.Жавзантай нэгдүгээр ангид элсэн орох хүүхдүүдийн сэтгэлзүйн онцлог, тулгамдаж болох асуудлууд, эцэг эхчүүдэд хандсан зөвлөмж сэдвээр ярилцлаа.
2024-2025 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангид 77,200 хүүхэд элсэн суралцана. Шинээр сургуульд орж байгаа хүүхдүүдийн 10-20 % орчимд нь сэтгэл зүйн бэлэн бус байдлын улмаас шинэ орчны стресс, хагацлын түгшүүрийн эмгэг, нийгмийн түгшүүрийн эмгэгүүд тохиолддог.
Тиймээс сэтгэл зүйн бэлэн байдлыг хангах нь хүүхдэдээ 35 үсэг зааж, тоо нэмж хасуулж сургахтай эн тэнцүү тавигддаг асуудал тул эцэг эхчүүд хүүхдийнхээ сэтгэл санааг бэлдэж шинэ орчинд дасан зохицоход нь хөндлөнгөөс оролцож дэмжихийг тус хүрээлэнгээс зөвлөж байна.
-Анхлан сургуульд орж байгаа хүүхдүүдэд сэтгэлзүйн хувьд ямар асуудал тулгардаг вэ?
-Нэгдүгээрт цагны асуудал бий болно. Цэцэрлэгт хоолоо идээд, унтаад, тоглоод маш тайван цагт баригдахгүй байсан хүүхэд сургуульд орохоор бүх зүйл нь цагт захирагдаж эхэлнэ. Өглөө яг цагтаа очно, хичээлүүд бас цагаар орно. Хоёрдугаарт, цагийн энэ байдалтай уялдаад хүүхэд анхаарлаа төвлөрүүлж барьж сурна. Танин мэдэхүйн үйл ажиллагаагаа тодорхой зорилготой болгоно гэсэн үг. Гуравдугаарт, танин мэдэхүйн үйл ажиллагаа тодорхой зорилготой болж байгаа учраас өөрийнхөө биед хяналт тавьж эхэлнэ. Хичээлийн цаг боллоо, би багшийн хэлж байгааг сонсож ойлгох ёстой гээд өөрийгөө дайчилж эхэлнэ. Энэ мэтээр хүүхэд сэтгэлзүйн дотоод ертөнцөөрөө өөрөө өөртэйгээ ажилладаг болох нь давуу талтай ч нөгөө талаас нийгэмшилтийн асуудал үүсч эхэлдэг.
Гэртээ "дархан баатар", анхаарлын төвд оршиж байсан хүүхэд олон нийтийн хэм хэмжээнд дасан зохицох хэрэгтэй болно. Бусадтай адилхан чимээгүй суугаад даалгавраа хийнэ. Багшийн зааврын дагуу бүх зүйлийг хийнэ. Сэтгэц, танин мэдэхүйн хувьд өөртөө хяналт тавьж, биеэ зөв авч явдаг болно. Зан төлөвтөө өөрчлөлт оруулна. Нийгмийн олон харилцаанд өөрийгөө зохицуулж сурна.
Эдгээр хүчин зүйлд дасан зохицоогүй байдаг учраас эхний хэдэн саруудад тодорхой хэмжээгээр бэрхшээл учирна. Жишээ нь, нийгэмшил султай, өмнө нь цэцэрлэгт явж байгаагүй, нийгэмшлийн түгшүүртэй гэх мэт хүүхдүүдэд сургуульд сурна гэдэг тодорхой хэмжээгээр айдас үүсгэдэг.
-Нийгэмшлийн түгшүүр гэдэг нь?
-Нийгэмшлиийн түгшүүр гэдэг нь олон нийтийн газар олон танихгүй хүүхэдтэй харилцаж байгаагүй зөвхөн цөөн хэдэн хүмүүс ээж аав эмээ өвөө ах дүүгийнхээ царайнд дасчихсан байсан хүүхэд гэв гэнэт танихгүй олон хүмүүс дунд ороод ирэхээр сандрах, бухимдах, айх, учраа олохгүй байх зэрэг асуудал үүсдэг.
Мөн аутизмын хөнгөн хэлбэртэй, харилцааны бэрхшээлтэй, гадагшаа нийгэмшлийн түгшүүр өндөртэй хүүхдүүд байдаг. Цөөн тохиолдол ч энэ хүүхдүүд шууд айдастай тулгардаг. Үүнд дасгахын тулд тухайн сургууль эцэг, эхийг нь хамгийн багадаа нэг сар хамт хичээлд суухыг зөвлөж байгаа. Цэцэрлэгт өмнө яваагүй хүүхдүүд ч гэсэн ялгаагүй. Хүүхэд өөрөө дайчилсан ч өөрчлөлт явагдана. Эцэг эхчүүд дэмжих зөвлөх хамтрах нь маг чухал учраас илүү анхаарал хандуулах шаардлагатай.
-Нийтээрээ хэрхэн бэлдэх вэ?
-Хүүхдүүдийн сургуульд сурах сэтгэлзүйн бэлэн байдлыг хангах үүднээс цэцэрлэгийн ахлах бүлгээс эхэлж тодорхой хэмжээний сургалт явагдаж байгаа. Бэлтгэл бүлэгт сургуулийн сэтгэлзүйн бэлтгэлийг хангах зорилготой. Гэвч жинхэнэ албан ёсны сургалтын систем есдүгээр сарын 1-нд эхлэхээр эцэг, эх хэчнээн бэлтгэл хангагдсан гэж бодож байгаа ч шинэ ертөнц рүү шууд орж дасан зохицох, нийцэх, өөрийгөө зохицуулах алхмууд зэрэг хийгдэнэ. Тийм учраас миний хүү, миний охин шинэ сургуульд ороод том болж байгаа гэдгийг хэлж өгнө. Нөгөө талаас цүнхээ үүрээд баяр хөөр болоод очтол цэцэрлэг шиг тоглохгүй яг суугаад хичээл хийдэг учраас хүүхдүүд дур сонирхол буурах, хичээлд явахгүй гэх нөхцөл байдал үүсдэг. Энэ үед хүүхдүүдээ албан ёсны сургалтад дасан зохицуулах үүднээс гүйцэтгэх үүрэгтэй шаардлагуудыг тавихаас гадна эерэг дасгалжуулалтуудыг хийнэ.
Ингэхдээ миний хүү сургуульд орсноор цаашдаа мэдлэгтэй болно, албан ёсоор хичээлд явж уншиж бичиж чаддаг болно, тоог л гэхэд 4-5 аргаар бодож сурна, мэдлэг боловсролтой болсноор миний хүү ирээдүйд маш сайхан иргэн болно гэх мэтээр хэлэхэд зургаан настан маш сайн ойлгоно. Манай аав, ээжүүд эерэг реплекс үүсгэх гээд чихрээр хуурдаг, гоё зүйлс амалдаг эсвэл барьцаалдаг. Парк явна, чихэр авч өгнө гэхээсээ илүүтэй миний хүү энэ улирлаа амжилттай төгсөх юмбол хүүгээ хүссэн газар нь тоглуулахаар дагуулж явна, дээрээс нь боловсрол эзэмшсэнээр миний хүү ийм үр дүнд хүрнэ гэж давхар ирээдүйг харсан, урагшилсан, тэмүүлсэн байдлаар идэвхжүүлж өгөх ёстой. Чихэр, тоглоомоор хуураад хэт жаахан хүүхэд шиг дутуу дасгалжуулалт хийгээд байдаг. Яагаад зорилгыг хэлж өгч байгаа вэ гэхээр боловсрол гэдэг бага боловсрол зургаан жил, суурь боловсролыг 9 жил, ерөнхий боловсролыг 12 эзэмшдэг чухал зүйл.
-Хүүхдийг загнаад байвал сөрөг сэтгэл хөдлөл үүсдэг-

Сэтгэл судлалын ухаанд чихрийн туршилт гэж байдаг. Хоёр хүүхдийн өмнө чихэр тавьчхаад гараад явчихдаг. Арваад минутын дараа эргэж ирэхэд чихрээ идээгүй хүүхдийг чихрээр нь урамшуулдаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр боловсрол гэдэг юмыг бид нар удаан хугацааны турш өдөр болгон дасгалжуулж байж өдөр болгон суралцаж байж эзэмшдэг. Тэгж байж энэ их цаг хугацааг даван туулдаг гэдгийг хүүхдүүддээ багаас нь ойлгуулж өнөөдрийн ганцхан аваад иддэг зүйл биш гэдгийг ухааруулж ойлгуулна гэсэн үг. Сургуулийн насанд хүүхдийн хийсвэр сэтгэлгээг илүү хөгжүүлдэг. Уншиж байгаа ном буюу үсэгнүүд нь хийсвэр тэмдэгтийн системийг ойлгож, нийлүүлж байгаа. Тоо гэдэг хийсвэр тэмдэгтийн системийг нэмж хасч үйлдэж байгаа учраас хүүхдэд ухамсарт нь хийсвэрлэх оюун ухааныг нь хөгжүүлэх үүднээс боловсрол гэдэг чухал, суралцсанаар уншиж чаддаг болно. Хар үсгүүдийг нийлүүлээд уншина гэдэг бол гайхамшиг юм, чадвар юм гэдгийг хүүхдүүддээ ойлгуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол манай эцэг эхчүүд за байдаг л юм сурчихдаг л юм гэж тайлбарлаад байвал хүүхдийн сурах идэвхийг доош нь унагааж байгаатай адилхан.
-Эцэг эхчүүд энэ сэтгэлзүйн онцлогийг ойлгохгүй, эерэг дасгалжуулалт хийхгүй, амлаад барьцаалаад байвал бидэнд ямар сөрөг үр дагавар үүсэх вэ?
-Наад зах нь хүүхдүүд бэлэнчлэх сэтгэлгээтэй болж эхэлж байна. Дэлгүүрээс чихэр авдагтай адилхан, 24/7 шөнийн цагаар хоол захиалдагтай адилхан хичээлийг нэг их амархан хуурай хийчих гээд байдаг хандлагатай болно. Дутуу хийх тусам хүүхдэд мэдлэг бүрэн тогтохгүй. Орчин үед мэдлэг гэдэг чинь өөрөө тухайн хүүхэд ойлгоод ухаараад өөрөө өөртөө мэдлэг бүтээдэг ертөнц учраас өөрийнхөө араас тэмцэхгүй сурахгүй бүтээхгүй бэлэнчлэх хүмүүс бий болгоно.
Чихэр өгнө, тоглуулна гэдгийг огт үйлдэж болохгүй гэж байгаа юм биш. Харин тодорхой хэмжээгээр өвөл хавар нэгдүгээр улирах дуусахаар гэх мэт тодорхой хугацааны дараа урамшуулж байгаа хэлбэр. Өнөөдөр хичээлээ сайн хийгээд өнөө орой тоглоно гэхээсээ илүүтэй энэ улиралд чамайг үсгээ сайн нүдэлж дууссаны дараа парк авч явна. Энэ чамайг амжилттай сурсны төлөө аав ээж нь чамаар бахархаад урамшуулж байгаа юм гэж хэлнэ. Түүнээс биш чамайг сайн сурвал тэгнэ ингэнэ гэж барьцаалах хэлбэрээр байж болохгүй. Аав, ээж нь хүүдээ охиндоо баярласандаа урамшуулж байгаа юмаа гэж зөв тайлбарлах нь чухал. Монголчууд ер нь аливаа юмыг буруу сөрөг өнцгөөс нь тайлбарладаг, одоо эерэг өнцгөөс харж тайлбарладаг болмоор байна. Үсгээ сайн сур л гээд байдаг. Тэгвэл сайн сурахааар миний хүү бусадтай адилхан уншиж, бичиж сурна. Автобусны хаягаа уншдаг болчхоор хаашаа явахаа өөрөө мэднэ, хүнсний бүтээгдэхүүн дээрх зааврыг уншиж чаддаг болно гэх мэтээр. Хүүхдэд мэдээж урамшуулна, магтана, шаардлага тодорхой хэмжээгээр тавина. Их загнаад байвал хүүхдэд сөрөг сэтгэл хөдлөл үүсдэг. Орчин үед урамшуулагч чиглүүлэгч менежер байр суурьтай арга барилыг мөрдөх нь зүйтэй.
-Муу сурвал улирна, дараа жил дахиад нэгдүгээр ангид сурна гэж багш нар айлгадаг?
-Үүнийг сөрөг бэхжүүлэлт, сөрөг дасгалжуулалт гэж нэрлэдэг. Буруугаар айлгаж хэлээд байна. Хүүхдүүдээ сайн сурахыг хичээгээрэй та нар сайн сураад дүү нартаа тусална шүү гэх мэтээр эерэг өнцгөөс харах арга барил багшид дутаж байна. Манайхан нэг хэсэг хүүхдээ онц сурахгүй бол гудамжны цэвэрлэгч болно гэж мэргэжлийг ялгаварлаж муулж хэлдэг байсан. Бүх ажил мэргэжил маш сайхан. Тэрнийхээ оронд миний хүү ойлгохгүй бол давтлага авах уу чи сурлагын амжилтаа сайжруулбал ингэнэ тэгнэ гэх мэтээр ярилцах хэрэгтэй.
- Нэгдүгээр ангид орох 77 мянган хүүхэд байгаа юм байна. Тэдний аав ээж танай төвөөс зөвлөгөө авах боломжтой юу. Та бас аав, ээжүүдэд хандаад юуг хэлмээр байна вэ?
-Манай байгууллага эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөхөд нээлттэй байгаа. Setgelsudlal.mn гэж фээсбүүкт бичээд хайхад манай байгууллагын цахим хуудас гараад ирнэ. Эцэг эхчүүдэд нээлттэй.
Сургуульд орж боловсролын албан ёсны төв симтемд хөл тавьж байгаа бяцхан охид хөвгүүдэд маань өөрийгөө өөр өнцгөөс харах сэтгэц зан төлөв, биеэ авч яваа байдлын хувьд өөрийгөө дайчлах энэ өнцгөөс өөрчлөгдөж байгаа шүү. Энэ насыг буруугаа мэдрэх үе гэж сэтгэлзүйн талаасаа үздэг. Яагаад гэхээр хүүхдүүдтэй зэрэгцээд хичээл давтахаараа өөрийнхөө чадахгүй байгаагаа анзаардаг, буруу хийснээ мэдэрдэг, айлын эрх юу дуртайгаа авдаг дураараа хүүхдүүд нийгэмшлийн хэм хэмжээнд орж ирээд багш нь шаардлага тавихад үгүй гэж хэлсэн буруугаа мэдрэх гэх мэтээр хүмүүжилд нь ганцхан багш бус үеийн хүүхдүүд нь нөлөөлдөг үе учраас ичих буруугаа мэдрэх үе байдаг. Тэгэхээр өнөөдөр миний хүү хичээл дээрээ юу сурсан бэ, хүүхдүүдтэй ямар харилцаатай байсан бэ, миний хүү найзууддаа сайхан үг хэлсэн үү, цаашдаа хичээлдээ улам сайн болно гэх мэтээр нийгэмшлийнх нь харилцаанд сайн анхаарах хэрэгтэй. Багш загнасан уу гэдэг асуултаа болих хэрэгтэй.
Ярилцахдаа дандаа дэмжинэ. Буруугаа мэдсэн ичсэн мэдрэмжтэй ирвэл миний хүү өөрийнхөө сул талыг олж харсан нь сайн, хоёулаа өдөр болгон давтаад чаддаг болно гэж хэлэх нь зүйтэй. Хүүхэд өөрийнхөө дутуу чадахгүй байгаа юмаа олж мэдэрнэ гэдэг маш зөв шүү. Харин дарж болохгүй. Өөрөөсөө ичээд бүр нуугдах юмбол нийгэмшлийн түгшүүр улам хүндэрдэг шүү. Эмзэг үе учраас хамгийн хариуцлагатай өдөр болгон хамтарч ажиллах шаардлагатай үе. Танаас цаг, анхаарал, халамж хамгийн их шаардах үе шүү гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.