Гадаад мэдээДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрээд буй шалтгаан

Товч агуулга: Энэ долоо хоногт алтны ханш түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Шинжээчид алтны эрэлт нэмэгдэн дагаад ханш өсөж байгааг олон улсад үүсээд буй тодорхойгүй нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байна.


Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрээн байна. “Goldprice” сайтаас харвал лхагва гарагийн /2024.08.21/ арилжаа хаагдахад трой унц алт 2513 ам.доллар байсан аж. Харин мягмар гарагт /2024.08.19/ трой унц алтны үнэ арилжаа хаагдахад 2514 ам.доллар хүрсэн нь түүхэнд байгаагүй өндөр хаалтын ханш байв.

Трой унц нь 31 граммтай тэнцэх жин. Нэг алтан гулдмай 400 трой унц байдаг. Өөрөөр хэлбэл одоогийн ханшаар алтан гулдмай ширхэг нь 1 сая ам.доллар хүрнэ гэсэн үг.

Мягмар гарагийн түүхэн дээд ханш нь 2023 оны мөн үеэс 620 гаруй ам.доллароор нэмэгдсэн дүн юм.

Яагаад алтны үнэ нэмэгдэх болов

Алтны үнэ нэмэгдэж байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Олон улсад тодорхой бус нөхцөл байдал үүсэхэд алтны эрэлт болон худалдан авах сонирхол нэмэгддэг.

Жишээлбэл АНУ-ын эдийн засаг болон ам.долларын ханш гэх мэт эргэлзээ үүссэн  үед зарим хөрөнгө оруулагчид мөнгөө байршуулах өөр газар хайхад хүрдэг юм. Ковид-19-ийн цар тахлын эхний үед мөн алтны ханш өссөн.

“UBS Global Wealth Management” фирмийн түүхий эдийн шинжээч Жованни Стауново сүүлийн үед алтны үнэ нэмэгдэж буйн гол хөдөлгөгч хүч нь ам.долларын ханш сулрал, Холбооны нөөцийн сан ирэх сард бодлогын хүүгээ бууруулна гэх хүлээлт хэмээжээ.

Мөн АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдалд хөрөнгө оруулагчид онцгой анхаарал хандуулж байгаа тул өнөөдөр /2024.08.23/ Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэллийн тавих хэвлэлийн бага хурал анхаарлын төвд орно.

Өөр нэгэн хүчин зүйл бол улс орнуудын төв банкнуудын эрэлт өндөр байгаа явдал юм.

“World Gold Council” фирмийн зах зээлийн ахлах стратегич Жо Каватони төв банкнуудын алтны эрэлт сүүлийн таван жилийн дунджаас нэлээд дээгүүр байна.

Алтны эрэлт нэмэгдэж буй нь “Инфляц болон эдийн засгийн тогтворд ихээхэн анхаарч байгааг харуулж байна” гэж Каватони хэлжээ. Тэрбээр нэмж үргэлжилж буй геополитикийн хурцадмал байдал гэх мэт хүчин зүйлс мөн алт худалдан авахад хүргэж буйг онцлов.

Украин, Газын зурвасын дайн олон улсад тодорхойгүй байдлыг нэмэгдүүлсэн. Мөн АНУ гэх мэт олон улсад ирээдүйн эдийн засгийн бодлогод нөлөөлөх сонгуулийн үймээн самуунтай жил болж байгаа нь нөлөөлж байж магадгүй.

Алтанд хөрөнгө оруулахыг дэмжигчид алтыг найдвартай орогнол гэж нэрлэдэг. Хөрөнгө оруулалтын багцыг төрөлжүүлж, тэнцвэржүүлэхээс гадна болзошгүй эрсдэлийг бууруулдаг гэж зарим хүн үздэг юм.

Мөн зарим хүн үнэ цэн нь өсөх боломжтой биет зүйл худалдаж авч буйдаа сэтгэл хангалуун байдаг.

“UBS Global Wealth Management” дахь Стауновогийн баг энэ жилийн сүүл гэхэд алт трой унц нь 2,600 ам.доллар хүрнэ гэж тооцоолжээ. Харин 2025 оны дундуур 2,700 ам.доллар хүрнэ гэж тооцоолж байгаа юм.

Мөн тэд АНУ-ын бодлогын хүү буурч, ам.долларын ханш сулрах нь алтны ETF буюу биржээр арилждаг санд орж ирэх урсгалыг дэмжиж, эрэлт нэмнэ гэж үзэж буй.

Гэсэн хэдий ч ирээдүйд ханш нэмэгдэнэ гэдэг нь баталгаатай биш, мөн зарим хүн алтыг сайн хөрөнгө оруулалт гэдэгтэй санал нийлдэггүй. Шүүмжлэгчид алтыг инфляцын эрсдэлээс хамгаалах хэрэгсэл биш, үүнээс илүү үр дүнтэй хөрөнгө оруулалт байдаг гэж үздэг юм.

АНУ-ын Түүхий эдийн фьючерсийн арилжааны комисс (CFTC) иргэдийг алт худалдаж авахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан байдаг.

Тус комисс үнэт металлын үнэ маш тогтворгүй байж болдгийг сануулж, эрэлт болон үнэ нэмэгдэж буюу эдийн засгийн тогтворгүй байдал өндөр байгаа үед үнэт металл зарж буй хүмүүс л ихэвчлэн ашиг олдог гэсэн юм.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button