БНСУ-ын Пүчонь хот дахь зочид буудалд гал гарч 7 хүн амь үрэгджээ
Пүрэв гарагт /2024.08.22/ Өмнөд Солонгосын Пүчонь хотод байрладаг нэгэн зочид буудалд гал гарсны улмаас долоон хүн амь үрэгдэж, 12 хүн бэртсэн байна.
Есөн давхар өндөр тус зочид буудлын наймдугаар давхарт орон нутгийн цагаар 19:39 минутад гал гарч эхэлсэн гэж Өмнөд Солонгосын гал унтраах албаныхан мэдэгдсэн юм.
Бэртсэн хүмүүс ойролцоох эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Тэдний гурав нь хүнд гэмтсэн ч амь насанд аюултай нөхцөл байдал үүсээгүй байна.
Зарим хүмүүс цонхоор хийлдэг гудас руу үсэрч буусныхаа дараа амь үрэгджээ. Нэг эмэгтэй буудлын шатнаас зүрх нь зогсож нас барсан олдсон юм.
Пүчонь хотын эрүүл мэндийн ажилтан сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Амиа алдсан хүмүүсийн зарим нь буудлын шат болон коридороос олдсон” гэжээ.
Гал сөнөөгчид 22:14 минут гэхэд галын ихэнхийг унтраасан байна. Барилгын дотор гал тархаагүй ч утааны улмаас олон тооны хүн амь үрэгдсэн гэж албаныхан мэдэгдсэн юм.
Тус зочид буудал 64 өрөөтэй, гал гарах үед 27 зочин байсан гэх урьдчилсан тооцоо гарчээ. Гал унтраах албаныхан 70 орчим машин, 160 орчим гал сөнөөгч дайчлан галыг унтраасан байна.
Эх сурвалж: Yonhap
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.