БНХАУ, Европын холбооны худалдааны маргаан улам даамжрав
Товч агуулга: БНХАУ болон Европын холбооны хооронд үүссэн худалдааны маргаан улам даймжрав. Өнгөрсөн долоо хоногт Европын комисс БНХАУ-аас орж ирэх цахилгаан машинд онооно гэсэн өндөр татвараа бага хэмжээгээр бууруулсан юм. Үүний хариуд БНХАУ-ын эрх баригчид Европын холбооноос орж ирэх сүү сүүн бүтээгдэхүүнийг шалгаж эхэллээ.
Европын Холбоо өнгөрсөн долоо хоногт БНХАУ-аас импортлох цахилгаан машинд оногдуулах гаалийн татварыг бага зэрэг багасгаж буйгаа мэдэгдсэн юм. Татварыг бууруулж буй хэмжээ нь бага байсан нь БНХАУ-ын дургүйцлийг хүргэж хариу арга хэмжээ авсан байна.
Энэ бүхэн зургаадугаар сараас эхтэй юм. Европын холбоо зургаадугаар сарын эхээр БНХАУ-аас орж ирэх цахилгаан автомашинд 17.4-37.6 хувийн татвар ногдуулах төлөвлөгөөтэй байгаагаа Бээжинд мэдэгдсэн.
Энэхүү алхам нь жилд 2 тэрбум еврогоос давсан татвар ногдуулж, Хятадтай худалдааны дайн эхлүүлэх магадлалтай гэж шинжээчид дүгнэсэн юм.
Европын холбоо ийм шийдвэр гаргахаасаа өмнөх есөн сарын турш шалгалт явуулж, Хятад цахилгаан машины компаниуд засгийн газраасаа шударга бус дэмжлэг авдаг гэдгийг илрүүлсэн хэмээсэн билээ.
БНХАУ-ын төрийн дэмжлэг нь Хятад машинуудын үнийг хиймлээр доошлуулдаг тул эдгээр машиныг импортлох нь Европын үйлдвэрлэгчдэд сөрөг нөлөө үзүүлнэ гэж ЕХ мэдэгдэж байсан юм.
Тэгвэл Европын комисс өнгөрсөн долоо хоногт татварын хэмжээнд өөрчлөлт оруулж буйгаа мэдэгдэв. Ингэхдээ тэдний явуулсан шалгалтад хамтран оролцсон оролцоогүйгээс хамаарч татварыг өөрчилжээ.
Европын комисс татварыг 17-36.3 хувь болгон бага зэргээр бууруулсан ч БНХАУ-ын компаниудыг төрөөс их хэмжээний дэмжлэг авсан гэх бодлоо өөрчлөөгүй гэдгээ мэдэгдсэн юм.
“BYD” компанид 17 хувь (17.4-өөс буурч), “Geely” 19.3 хувь (19.9-өөс буурч), “SAIC” хамгийн дээд буюу 36.3 хувь (37.6 хувиас буурч) татвар төлнө. Үүн дээр Европын холбоо руу машин оруулах суурь 10 хувийн татвар нэмэгдэнэ.
Tesla-г харж үзсэн нь
“Tesla” бол Америк компани хэдий ч БНХАУ-д том үйлдвэртэй тул тус үйлдвэрээс нь гарсан машинууд Европын холбооны татварт хамрагдах байсан юм. Европын комисс зургаадугаар сард “Tesla”-гийн Хятад үйлдвэрээс орж ирсэн машинд 20.8 хувь (арван хувийн нэмэгдэлтэй 30.8 хувь) татвар оногдуулах шийдвэр гаргасан.
Тэгвэл сонирхол бүхий талуудтай хэлэлцсэний эцэст “Tesla”-гийн Хятад үйлдвэрээс орж ирэх машины татварыг 20.8-аас 9 хувь болгон бууруулахаа мэдэгдсэн байна.
Уг мэдэгдэл гарсны дараа “Tesla” компанийн хувьцаа нэг гаруй хувиар нэмэгджээ. Тус компани БНХАУ-ын дотоодын үйлдвэрлэгчидтэй харьцуулахад Хятадын засгийн газраас бага хэмжээний татаас авсан гэж Европын комисст учирласан юм.
Европын эрх баригчдын хяналт шалгалтад хамтран оролцсон бусад компаниудын татвар 21.3 хувь байх бол, хамтран оролцоогүйд нь 36.3 хувийн татварыг оногдуулна.
Гэхдээ татварыг аравдугаар сарын 30-наас өмнө Европын парламент эцэслэн батлах ёстой юм.
Хятадын хариу арга хэмжээ
Зургаадугаар сард анх татварыг танилцуулахад БНХАУ шууд хариу мэдэгдэл гаргаж "Хятадын компаниудын хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ" хэмээсэн.
Үүний дараа Хятадын эрх баригчид Европын холбооноос орж ирэх гахайн махыг шалгахаа мэдэгдсэн юм.
Тэгвэл энэ удаагийн татварыг өөрчлөлтийг БНХАУ-ын Автомашин үйлдвэрлэгчдийн холбоо (CAAM) татварыг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлж, энэ нь Хятадын Европын Холбоо дахь үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтад асар их эрсдэл болон тодорхойгүй байдал авчирч байна гэжээ.
Хариу арга хэмжээ авахдаа Хятадын албаныхан импортын сүү сүүн бүтээгдэхүүнд Европын холбоо татаас өгч буй явдлыг шалгах болсон юм.
Мэдэгдэл гаргаснаас хойш шууд эхэлсэн тус шалгалт нь бяслаг, аарц, хөх бяслаг, цөцгий зэрэг бүтээгдэхүүнд чиглэн явагдаж буй.
Меркаторын Хятад судлалын дээд сургуулийн эдийн засгийн ахлах шинжээч Жайкоб Гунтер “Ерөнхийдөө авч үзвэл Европын холбоо 1.7 тэрбум еврогийн сүү сүүн бүтээгдэхүүн БНХАУ-руу экспортолдог. Энэ нь ЕХ-ны БНХАУ-руу хийдэг нийт экспортын нэг хүрэхгүй хувь. Сүү сүүн бүтээгдэхүүнд их хэмжээний оногдуулсан ч гэсэн Европын холбооны экспортод харьцангуй бага нөлөө үзүүлнэ” гэжээ.
БНХАУ яагаад цахилгаан машины компаниуддаа татаас өгч байна вэ
Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удаашрах болсон. Өнгөрсөн жил тус улс эдийн засгаа 5 хувь өсгөх зорилгодоо арай хийн хүрсэн билээ.Эдийн засгийн өсөлтийнх нь ихэнх хэсгийг бүрдүүлсэн Хятадын үл хөдлөхийн салбар уналтад орж, сэргэх шинжгүй байгаа.
Ийм учраас эрх баригчид эдийн засгийн өсөлтөө сэргээх шинэ тактик баримталсан нь үйлдвэрлэлээ дэмжих юм. БНХАУ-ын сангийн яам тайлан гаргахдаа “Үйлдвэрлэлийн салбарын суурийг сэргээн босгож, өндөр чанартай үйлдвэрлэлийг дэмжихэд” 10.4 тэрбум юань (1.45 тэрбум ам.доллар) зарцуулна гэсэн байдаг.
Үйлдвэрлэлийг дэмжихдээ технологид өмнөх жилтэй харьцуулахад илүү анхаарал хандуулах болсон байна. Ялангуяа цахилгаан машины салбарт БНХАУ-ын манлайллыг тогтоох талаар тусгажээ.Ийм учраас Хятадын засгийн газар цахилгаан автомашины салбартаа их хэмжээний татаас олгож байгаа нь эдийн засгийн өсөлтөө сэргээх стратегийнх нь томоохон хэсэг юм.
Эх сурвалж: RFI, CNBC, Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.