Япон: БНХАУ-ын арми анхны удаа агаарын орон зайнд хууль бусаар нэвтэрлээ
Японы Батлан хамгаалах яам даваа гарагт /2024.08.26/ мэдэгдэл хийхдээ БНХАУ-ын зэвсэгт хүчин анхны удаа улсынх нь агаарын орон зайд хууль бусаар нэвтэрсэн гэжээ.
Хятадын тал удаа дараа далайн орчинд өдөөн хатгалгын шинжтэй үйлдэл гаргаж, хоёр улсын харилцаа дордсон байгаа үед ийм явдал гарсан нь нөхцөл байдлыг хурцатгаж магадгүй юм.
Батлан хамгаалах яам мэдэгдсэнээр БНХАУ-ын Y-9 загварын тагнуулын онгоц Нагасаки мужийн Данжо арлуудын ойролцоо өглөөний 11:29 минутаас эхлэн хоёр минут гаруй ниссэн байна.
Үүний улмаас Японы Агаарын хүчин сөнөөгч онгоцоо нисгэж хариу арга хэмжээ авсан аж.
Тагнуулын нисэх онгоц Японы агаарын орон зайд орж ирэхээсээ өмнө Данжо арлуудын зүүн өмнөд хэсгийн усан дээгүүр олон удаа эргэлдэж, эцэст нь 13:15 минутад БНХАУ-руу буцсан байна.
Японы Агаарын хамгаалах хүчин сөнөөгч онгоц нь зэвсэг эсвэл дохионы бамбар ашиглаагүй гэжээ.
Уг явдлын дараа Японы Гадаад хэргийн дэд сайд Масатака Окано БНХАУ-ын Элчин сайд Ши Ёныг дуудаж агаарын орон зайд нэвтэрсэн явдлыг хүчтэйгээр эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна.
Өмнө нь БНХАУ-ын далайн ажиглалтын нисэх онгоц болон дрон Японы удирддаг Сэнкакү арлын ойролцоо агаарын орон зайд нэвтэрсэн тохиолдол гарч байсан юм. Энэ удаагийн явдал нь Хятадын армийн онгоц Японы агаарын орон зайд нэвтэрсэн гэдгээрээ онцлог.
Эх сурвалж: Kyodo News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хятадын иргэдийг хядаж байсанд нь БИД МАРТАХГҮЙ гэдгээ сануулж байгаа нь зөв үйлдэл
mash buruu uildel . busadiig odoon turhirch baina. iim uildeliig hatuugaar taslan zogsooh heregtei.