Израилд олон зуун мянган хүн засгийн газраа эсэргүүцэж жагслаа
Ням гарагт /2024.09.01/ Израилд олон зуун мянган хүн эсэргүүцлийн жагсаал хийсэн байна.
Газын зурвасын дайн эхлээд бараг жил өнгөрөх гэж буй хугацаанд тус улсын засгийн газар Хамасын барьцаанд буй хүмүүсийг суллах тохиролцоонд хүрч чадаагүй учир израилчууд олноороо жагсжээ.Тодруулбал 500 мянга гаруй иргэд Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг үлдсэн 101 барьцааны хүмүүсийг суллахын тулд илүү хүчин чармайлт гаргахыг шаардан жагссан байна.
Израилын албаныхан барьцаанд үлдсэн хүмүүсийн гуравны нэг нь амьсгал хураасан гэж тооцоолж буй.Ням гарагт олон зуун мянган хүн жагсахад хүргэсэн өөр нэгэн шалтгаан нь барьцаанд буй зургаан хүн нас барсан гэх мэдээлэл тархсан явдал байв.
Йерусалемд жагсагчид гудамж талбайг хааж, ерөнхий сайдын өргөөний гадаа жагссан юм. Израилын телевизүүдээр явсан шууд дамжуулалтаар цагдаа нар зам хаасан жагсагчид руу усан буугаар буудаж байгаа нь бичигджээ.
Нетаньяху зургаан барьцааны хүнийг хөнөөсөн этгээдүүдийг барих хүртлээ зүгээр суухгүй гэж мэдэгдсэн юм. Тэрбээр нэмж “Барьцааны хүмүүсийг хөнөөсөн этгээдүүд гал зогсоох тохиролцоонд хүрэхийг хүсэхгүй байгаа” гэсэн аж.Харин Хамасын ахлах албан тушаалтан гал зогсоох тохиролцоонд гарын үсэг зурахаас татгалзаж байгаа Израил барьцааны хүмүүсийн үхэлд буруутай гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.