Адель урт хугацаагаар хөгжмөөс завсарлана гэдгээ зарлалаа
Их Британийн алдарт дуучин Адель өнгөрсөн амралтын өдрүүдээр хөгжмийн ертөнцөөс урт хугацаагаар завсарлага авна гэдгээ мэдэгджээ.
Тэрбээр өөрийн TikTok хуудас дээрээ оруулсан бичлэгтээ “Одоо би 10 гаруй тоглолт хийнэ. Гэхдээ үүний дараа та бүхэнтэй удаан хугацаанд уулзахгүй, та бүгдийг зүрх сэтгэлдээ хадгалах болно” гэсэн юм. Түүнийг ингэж хэлсний дараа сүйт залуу Рич Полтойгоо гэрлэх гэж байгаа тул карьертаа завсарлагаа авах шийдвэр гаргасан хэмээн шүтэн бишрэгчид нь таамаглах болжээ.
Адель Лас Вегас хотноо тоглолтоо хийж байгаа. Тэрбээр тус хотын Caesars Palace дахь Колицейд тоглолтоо хийж байгаа бөгөөд арван нэгдүгээр сарын 23-нд хамгийн сүүлийн удаа дуулах юм.
Германы “ZDF” агентлаг түүнээс Вегас дахь тоглолтынхоо дараа хэрхэх талаар мэдээлэл авахаар холбогдоход Адель “Шинэ дуу гаргах ямар нэгэн төлөвлөгөө байхгүй. Үүний дараа том завсарлага авч, өөр бүтээлч зүйл хийнэ гэж бодож байна” гэжээ.
Адель хамгийн сүүлд “30” нэртэй цомгоо 2021 онд гаргасан. Тэрбээр хэдэн жилдээ нэг цомог цацдаг байсан билээ. Гэвч тэрбээр 2023 оны арван хоёрдугаар сард “Hollywood Reporter” сэтгүүлд шинэ дуу гаргах төлөвлөгөө байхгүй гэж хэлсэн юм.
Эх сурвалж: The New York Post
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.