БНХАУ-ын үйлдвэрлэлийн ажиллагаа зургаан сарын доод хэмжээнд хүрчээ
Дэлхийн үйлдвэр гэгддэг БНХАУ-ын үйлдвэрлэлийн ажиллагаа наймдугаар сард сүүлийн зургаан сарын доод хэмжээнд хүрсэн байна. Бараа бүтээгдэхүүний үйлдвэрийн үнэ унаж, үйлдвэрүүдэд ирэх захиалга буурсан тул эрх баригчдад шахалт болов.
БНХАУ-ын Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр бол худалдан авалтын менежерүүдийн индекс (PMI) долоодугаар сард 49.4 байсан бол наймдугаар сард 49.1 болж буурчээ.
“Reuters” агентлаг эдийн засагчдаас санал асуулга явуулсныхаа үр дүнд наймдугаар сарын худалдан авалтын менежерүүдийн индекс 49.5 болно гэж тооцоолж байсан юм.
PMI нь үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын чиг хандлагыг илтгэдэг үзүүлэлт. Худалдан авалтын менежерүүдийн индекс нь 0-100 хооронд хэлбэлздэг. Индекс 50-аас бага бол үйлдвэрлэл буурч, 50 бол өөрчлөлтгүй, 50-аас дээш бол тэлж байгааг харуулдаг аж.
Хоёрдугаар улирлын эдийн засгийн өсөлт нь төсөөллөөс доогуур гарч, долоодугаар сард үргэлжлүүлэн удааширсан тул БНХАУ-ын эрх баригчид дэд бүтцийн томоохон төсөлд бус өрхүүдэд дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн.
Энэ нь өрхүүдийн хэрэглээг нэмэх зорилготой. Тус улсын жил гаруй үргэлжилж буй үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал нь өрхүүдийн хэрэглээ буурч, дотоодын эрэлт буурахад хүргээд буй.
БНХАУ дахь өрхийн хөрөнгийн 70 гаруй хувь нь үл хөдлөх хөрөнгө байдлаар хадгалагддаг. Ийм учир үл хөдлөхийн салбарт гарсан хямрал иргэдийг хэтэвчээ хааж, хэрэглээгээ танахад хүргэсэн билээ.
Мөн гадаадын эрэлт ч буурах хандлагатай. Учир нь барууны орнууд Хятад цахилгаан машин гэх мэт бараануудад өндөр гаалийн татвар тавихаар ажиллаж байгаа юм.
Гадаад, дотоод эрэлт аль аль нь буурсан тул үйлдвэрийн үнэ сүүлийн 14 сард үзэгдсэн хамгийн доод хэмжээндээ оржээ.
“Pinpoint Asset Management” фирмийн эдийн засагч “Эдийн засгийг тогтворжуулахын тулд төсвийн бодлого нь дэмжлэг өгөх тал дээр өөрчлөгдөх хэрэгтэй. АНУ-ын эдийн засаг удааширч байгаа тул экспорт хийх нь энэ жилийн сүүлийн хагаст БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн найдвартай өсөлт болж чадахгүй байж магадгүй” гэсэн юм.
Долоодугаар сард Хятадын эрх баригчид өрхийн хэрэглээг дэмжихийн тулд 150 тэрбум юань (21 тэрбум ам.доллар, 71 их наяд төгрөг) хуваарилсан. Энэ алхам нь үр ашгаа бага зэрэг өгсөн бололтой.
Учир нь наймдугаар сард жижиглэнгийн борлуулалт эдийн засагчдын таамаглалаас давсан үзүүлэлттэй байв.
Гэхдээ эдийн засагчид БНХАУ-ын эрх баригчдыг 1.4 тэрбум иргэдээс бүрдэх хэрэглээний зах зээлээ сэргээх илүү дорвитой төлөвлөгөө танилцуулахыг хүлээж буй.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.