Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

МАН-ЫН ЛОББИ: С.Баяр, Ч.Сайханбилэг, Ш.Батхүү нарыг хөөн хэлэлцэх хугацаагаар ӨРШӨӨЖ, дараа нь жидүүчдээ “АВАРНА”

-О.БААСАНХҮҮ ЭСЭРГҮҮЦСЭН Ч МАН-ЫНХАН ХҮЧ ТҮРЭН ДАЙРСААР БАТЛУУЛЖЭЭ-

Өнгөрөгч долоо хоногийн сүүлээр “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх шинэ тренд үгтэй болов. Эхлээд хөшигний ард Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийг Эрүүгийн хэрэгт татаж, өндөр сэнтийгээс нь буулгах хэмжээнд яригдсаар ирсэн МХЕГ-ын байцаагчдын хэргийг хаалаа. Шалтгаан нь хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан явдал. Тэрбум орчим төгрөгийн хахууль авсан хэргээр шалгагдсан МХЕГ-ын байцаагчид ердөө 40 сая төгрөгөөр торгуулиад өнгөрлөө.

Ийм зүйл байж болдгийг бид үзлээ, харлаа. Үүнтэй зэрэгцээд УИХ-ын гишүүн Д.Муратыг Дээд шүүхээс цагаатгаж, Д.Гантулгын хүчингийн гэх хэрэг мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар мэдээлэгдэв. 

Эрүүгийн хуулийн эцсийн хэлэлцүүлэг дээр яг энэ хуулийн цоорхойг О.Баасанхүү гишүүн сайн анзаарч, баахан үг хэлээд адлуулж байж. Тэрээр “Нөгөө хөөн хэлэлцэх хугацааг бүр мөсөн байхгүй болгож байгаа юм байна. Эрүүгийн хэргийг. Хөөн хэлэлцэх хугацааг. Хэрэг гарсан. Тэгээд шүүхээр шийдэгдэх хүртэл одоо хөөн хэлэлцэх хугацаа тооцно гэдэг чинь соёлтойгоор бол ямар ч хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа байхгүй гээд. Би бол одоо бүлэггүй болохоор ямар завсарлага авалтай биш. Тэгээд ийм л байна л даа. Энийг нэг хойшлуулаач” гэж удаа дараа байр сууриа илэрхийлсэн байна.

Харин хэргийн эзэн хэнгэрэгийн ташуур Ш.Раднаасэд гишүүн “Үүнийг янзалчихъя л даа. Одоо тэртэй тэргүй Эрүүгийн хуулийн 1.10 гэдэг дээр чинь бол  хөнгөн гэмт хэрэг дээр 1 жилийн хугацаа өнгөрчихсөн бол яллагдагчаар татаж болохгүй гээд явж байгаа шүү дээ. Тэгээд ингээд ялынхаа хэмжээнээс хамаараад тэр хугацаа нь өөр, өөр болоод явчихаж байгаа юм” гэхчлэн байр суурь илэрхийлсэн.

Улмаар Х.Нямбаатар гишүүн О.Баасанхүү гишүүнийг асуудлаа ойлгохгүй байна гэхчлэн довтолсон нь протоколд үлджээ. Ийм байдлаар МАН-ынхан хүч түрсээр уг заалтыг эцсийн хэлэлцүүлэг дээр баталсан байна.

-ТЭД ЗОРИУДААР АСУУДАЛТАЙ ЗААЛТЫГ ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ДЭЭР “ЛОББИДЖЭЭ”. ЯМАР ЗОРИЛГООР-

Ингэж хуулийн салбарт өмнөө барьдаг хүмүүс гэсэн тодотголтой МАН-ын нөлөө бүхий гишүүд нийлж дайрсаар, хөөн хэлэлцэх хугацааг наашлуулсан байгаа юм. Хэвлэлийнхэн сая МХЕГ байцаагчдын асуудал дээр шүгэл үлээгээгүй бол энэ цоорхойг ажиглахгүй нэлээд явах байв.

Өнөөх муу хэлээд байсан АТГ-ын дарга асан Х.Энхжаргал Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр ч эрхмийг саатуулан шалгасан. Ажлаа өгөхдөө тэрээр шалгалтын явц 90 хувьд хүрснийг онцоллоо. АТГ-ынхан өнгөрсөн жилүүдэд баримтууд дээр маш сайн төвлөрч, С.Баярын олон хаусны учир начрыг олсон гэгддэг.С.Баярцогтын оффшор дансуудын мөрөөр гаднаас их хэмжээний баримт цуглуулсан гэх яриа ч бий.

Улмаар Дубайн гэрээний мөрөөр Ч.Сайханбилэг тэргүүтний араас ч сайн явсан. Дээрээс нь “Эрдэнэт” үйлдвэрийг гадны банкны барьцаанд тавьсан Ш.Батхүүгийн ард нуугдсан бүхэл бүтэн бүлэглэл бий. Энэ бүхэн удахгүй “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан” нэрээр сарних эрсдэл хаяанд иржээ.

МАН-ынхан Эрүүгийн хуулийг өөрчлөхдөө ийм хуулийн цоорхой үүсэхийг анзаарахгүй өнгөрнө гэж үгүй. Тиймээс ч зориуд авилгачид, төрийн мөнгөөр баяжигчид, хувийн хэвшлийг дарамталж мөнгө ологсдыг өршөөхөөр энэ цооорхойг гаргажээ гэж хардагдаж байгаа юм.

Одоо дүлий дүмбэ оргиод, авлигачдаа өршөөгөөд цааш явах уу. Алдаагаа эргэн харах уу гэдгийг  МАН-ынхан л шийднэ.

2020 оны УИХ-ын сонгууль хаяанд ирсэн цаг дор эрх биш хуулийн цоорхойгоо эргэж харна гэж найдна. Ард түмэн тэнэг байхаа болиод нэлээд удаж байгаа гэдгийг МАН-д дахин сануулъя.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button