Тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэгийн барилга дуусаагүйг албаныхан хоёр өөрөөр тайлбарлалаа
СХД-т хөгжлийн бэрхшээлтэй 800 гаруй бага насны хүүхэд амьдардаг гэсэн судалгаанд үндэслэн гурван жилийн өмнө тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг барихаар улсын төсвөөс дөрвөн тэрбумыг төсөвлөжээ. Уг цэцэрлэг өчигдөр нээлтээ хийж, хүүхдүүдээ хүлээн авах байсан ч барилгын ажил одоог хүртэл дуусаагүй байна.
2021 онд тус барилгын гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахад, "Хүрэл-Ордон" ХХК шалгарч байжээ.
Ийнхүү бид тухайн барилгын ажил яагаад дуусаагүй байгааг тодруулахаар, "Хүрэл-Ордон" ХХК-ийн талбайн менежертэй холбогдлоо. Тэрбээр, "Барилгын гүйцэтгэлийн ажил дуусах дөхсөн аравдугаар сарын эхэнд ашиглалтад орно. Барилгын санхүүжилт зогссонтой холбоотой барилгын ажил удааширсан" гэлээ.
Мөн барилгын санхүүжилтийн талаар БЕГ-ын хөрөнгө оруулалт хэрэгжилт, зохицуулалтын албаны ажилтнаас асуухад, "Санхүүжилт хэвийн олгогдож байгаа. 2021 онд баригдах суурь тавьж эхлэхийн өмнө газрын асуудал шийдэгдэх гэж хугацаа алдсан. Үүнээс өөр асуудал байхгүй. Ирэх сард барилгаа хүлээн авна" гэсэн мэдээлэл өгөв.
Үүнээс харахад, санхүүжилт удааширсан уу, газрын асуудал удаан шийдэгдсэн үү, гэдэг нь тодорхой бус байна. Холбогдох албаныхан ямартай ч ирэх сарын эхэнд хүүхдүүдээ хүлээн авах талаар хэлж байлаа.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.