“Nvidia”-ийн зах зээлийн үнэлгээ түүхэнд байгаагүй $279 тэрбумаар буурлаа
АНУ-ын хөрөнгийн зах зээлийг эзэгнэдэг долоон компани бий. Тэдний нэг нь хиймэл оюун ухаан хөгжүүлэх микрочип үйлдвэрлэгч “Nvidia” юм. Мягмар гарагт /2024.09.03/ тус компанийн хувьцаа 9.5 хувиар буурч, зах зээлийн үнэлгээ нь 279 тэрбум ам.доллароор буурчээ.
Энэ нь АНУ-ын хөрөнгийн биржийн түүхэнд нэг өдрийн дотор ажиглагдсан хамгийн их уналт юм. Сүүлийн жил АНУ-ын хөрөнгийн биржийн үнэлгээ олон дахин удаа рекорд тогтоосон. Ийм амжилттай явсан нь хиймэл оюун ухааны хөгжүүлэлттэй холбоотой юм.
Гэвч “Nvidia” компанийн зах зээлийн үнэлгээ ийнхүү түүхэнд байгаагүй их хэмжээгээр буурсан нь хөрөнгө оруулагчид хиймэл оюун ухааны технологийн амлалтад илүү болгоомжтой хандаж эхэлснийг харууллаа.
Хөрөнгө оруулагчид болгоомжилж эхэлсний нэг шинж нь микрочипийн “PHLX” индекс 7.75 хувиар буурсан явдал байв. Энэ нь 2020 оноос хойш нэг өдрийн дотор үзэгдсэн хамгийн том уналт юм.
“Strategas Securities” фирмийн стратегич Тодд Сон “Сүүлийн 12 сарын хугацаанд маш их хэмжээний мөнгө хагас дамжуулагч болон технологийн салбарт орсон тул арилжаа бүрэн хазайсан байсан” гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.