Top StoriesХэргийн мөрөөр

Амины гарзтай Увс аймгийн Тэс сумын 100 жил

Увс аймгийн Тэс сумын 100 жилийн ойн үеэр буюу энэ оны наймдугаар сарын 08-ны шөнө иргэн У машинд дайруулан амиа алдсан байдалтай олдсон байна. Бид тус хэргийн мөрөөр дараах мэдээллийг бэлтгэлээ.

-Хэргийн газарт очсон эх сурвалж "Хүрэн өнгийн дээл, арьсан гутал өмссөн, бөхийнх гэмээр залаатай малгайг өвөртлөсөн хижээл насны хүн газарт хэвтэж байсан"-

Хэргийн газарт очсон эх сурвалж дараах мэдээллийг өгсөн бөгөөд тус мэдээллийг өгсөн хүн нэрээ нууцлахыг хүссэн юм.

"Өнгөрсөн сарын 08-ны шөнө Увс аймгийн Тэс сумын төвд байрлах "Хуучин соёлын төв"-ийн урд талд 60 орчим насны эрэгтэй хүн газар хэвтсэн байхтай таарч, сайтар ажиглавал амиа алдсан байжээ. Тухайн үед амь хохирогч хүрэн өнгийн дээл, арьсан гуталтай, өврөөс нь бөхийн малгай цухуйсан байртай хэвтэж байсан нь тун содон харагджээ. Гаднаас нь харахад ямар нэгэн онц ноцтой гэмтэл болон шарх сорви үзэгдээгүй” гэв.

-" Хэрэг болоод бүтэн сар өнгөрсөн байхад мөрдлөгөө сайн хийгээд өгөөсэй -

Бид талийгаач У-ын хэргийн талаар эх сурвалжтай цөөн хором ярилцав.

-Танд эмгэнэл илэрхийлье. Талийгаач У-ын бөх хүн байсан юм аа даа?

-У 1963 онд төрсөн, залуудаа бөх барилддаг байсан төдийгүй аймгийн начин цолтой хүн. Нутагтаа нэртэй хүн байсан даа. Баруунтуруун сумандаа насаараа газар тариалан эрхэлж, эхнэр дөрвөн хүүхдийн хамтаар амьдарч байсан.

-Тэс суманд ажилтай байсан юм уу? Тухайн үед гэрийнхнээс нь хамт явсан хүн бий юу?

-Хэрэг болсон өдөр буюу наймдугаар сарын 08-ны өглөө Увс аймгийн Баруунтуруун сумаас Тэс сумын баярт явсан юм л даа. Улмаар тэр шөнө зуурдаар амиа алдсан гэх мэдээг сонссоноор бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

Тухайн хэрэг болдог өдөр эхнэр нь хамт яваагүй, гэрээсээ ганцаар явсан байсан. Наадам үзэхээс гадна, ангийн уулзалтад очих зорилготой байсан юм билээ. Уулзалт нь шөнө хүртэл үргэлжилж, дараагаар нь л тухайн хэрэг болсон юм шиг байна лээ.

-Одоогоор хэргийн үйл явц ямар шатандаа яваа вэ? Тодорхой хариултыг холбогдох хүмүүсээс нь та бүгд авч чадсан уу?

-Машинд дайруулж амиа алдсан гэх таамаг бий. Одоогоор хэргийн мөрдөгчийн мэдээлснээр "хэргийг үйлдсэн хүн олдоогүй" гэдэг үгийг л хэлсэн. Талийгаачийн өмсөж байсан хувцсыг шинжилгээнд өгөхөөр авчихсан байгаа. Хэрэг гараад бараг бүтэн сарын хугацаа өнгөрч байна шүү дээ. Мөрдлөгөө сайн хийгээд өгөөсэй л гэж хүсэж байна" гэв.

-Хэрэг болсон газартай ойр хоносон хэдий ч шөнө ямар нэгэн чимээ сонсоогүй, хэрэг болсон талаар ч мэдэхгүйгээр тус сумаас өглөө эрт хөдөлсөн-

Хэрэг болсон газраас 100 метрийн зайд хоноглосон эх сурвалжтай ярилцлаа.

"Машинд дайруулан амиа алдсан гэх хэрэг Увс аймгийн Тэс сумын "Хуучин наадмын талбай"-н ойролцоо болсон юм билээ. Тухайн газартай ойр буюу 100 метрийн зайд гэр бүлээрээ тухайн үед хоносон. Гэхдээ ойр хоносон хэдий ч шөнө ямар нэгэн чимээ сонсоогүй, хэрэг болсон талаар ч мэдэлгүйгээр тус сумаас өглөө эрт хөдөлсөн байснаа дараа нь мэдсэн. Улмаар тус хэргийн мөрдөгч надтай ирж уулзан хэрэгт холбогдолтой эсэхийг тодруулсан. Ингэхдээ хэргийн газраас олсон дугуйны хээтэй таарч байгаа эсэхийг шинжлээд, биш болохыг баталсан. Амиа алдсан хүн Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат хүн байсан гэж нутгийн хүмүүсээс л сонссон" гэв.

Бид мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс Увс аймгийн цагдаагийн газар болон хэргийн мөрдөгчидтэй холбогдсон боловч нууцлалын үүднээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ыг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Цогягү
Цогягү
2024-09-07 21:40

Дайрлага.дайрлага

Холбоотой мэдээ

Back to top button