МУГТ Э.Содномпилжээгийн амжилтын түүх
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, паралимпын аварга Энхбаярын Содномпилжээ дэлхийн пара пауэрлифтингийн гиннесийн амжилтыг эзэмшигч билээ. Тэрбээр “Парис-2024” зуны паралимпын наадмаас мөнгөн медаль хүртээд байна.
МУГТ Э.Содномпилжээ 1985 оны наймдугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Эрдэнэт хотод эгэл жирийн цэргийн хүний гэр бүлд төрж, цэргийн амьдралд их ойр өссөн гэдэг. Э.Соднимпилжээ 14 насандаа их спортод хөл тавьж байжээ.
Тухайн үед 47 кг-ын жинтэй туранхай хүү хүндийн өргөлтөөр хичээллэнэ, таны шавь болъё хэмээн “Алдар” спорт хорооны чийрэгжүүлэлтийн төвд ажиллаж байсан Ш.Энхсайхан дээр ээжтэйгээ хамт очсон гэдэг. Ийнхүү Э.Содномпилжээ пара пауэрлифтингээр хичээллэж, 2001 онд хэвтээ шахалтаар УАШТ-ий 52 кг-ын жинд түрүүлсэн нь анхны том амжилт байв.
Тэрбээр дунд сургуулийн зургаадугаар ангийн сурагч байх үедээ хавдрын улмаас хөлөө тайруулжээ. Гэхдээ өвчин зовлон, саад бэрхшээл түүнийг өмнөө сөхрүүлж чадаагүй. Суга таягтай зүтгэсээр ерөнхий боловсролын дунд сургуулиа төгсжээ. Улмаар Эдийн засаг бизнесийн дээд сургуульд 2003 онд элсэж, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжил эзэмшсэн байдаг.
Түүний анхны дасгалжуулагч солигдсон тул, тэр нэг хэсэгтээ их спортоос хөндийрчээ. 2009 онд спортдоо эргэн ирж, Ш.Энхсайхан дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэлээ базааж эхэлжээ. Зөвхөн пара гэлтгүй пауэрлифтингийн УАШТ-д ч бас өрсөлдөж, 2010 онд хэвтээ шахалтаар 60 кг-д алт, 2011 онд 66 кг-д хүрэл медаль хүртэж, амжилтын буухиагаа үргэлжлүүлсэн байдаг. Тийнхүү дотооддоо эрүүл, олон улсад пара тамирчидтай эн тэнцүү өрсөлдөж эхэлсэн юм.
2014 оны ДАШТ-д VII байрт шалгарч, паралимпийн эрх авсан. Монгол Улсын түүхэнд анх удаа пауэрлифтингийн тамирчин паралимпод оролцох болзол хангасан нь энэ байлаа. “Рио 2016” паралипын наадмаас хүрэл медаль, “Токио 2020” паралимпын наадмаас алтан медаль хүртээд байгаа. Тэрбээр паралимпын алт, хүрэл медальт, ДАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгөн медальт, дэлхийн цомын зургаан удаагийн аварга, Ази тивийн хошой аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч юм.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жинхэнэ монгол эр хүн, амжилтын эзэн байна. Урт нас�##�ж удаан жаргах болтугай.
Утгагүй,болж байгаа Манайх шиг элдэв цол бас сар бүр мөнгө өгдөг журамтай улс байхгүй