УЛС ТӨР

Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 34 жилийн ой өнөөдөр тохиож байна

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 34 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Анх удаа олон намын оролцоотойгоор 1990 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Ардын Их Хурлын  430 депутат, Улсын Бага Хурлын 53 гишүүнийг сонгох чөлөөт, ардчилсан сонгуулийг явуулжээ.

Уг сонгуулийн үр дүнд байгуулагдсан Ардын Их Хурлаас “БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийг баталж, улмаар хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах эрх бүхий, төрийн эрх барих байнгын дээд байгууллага буюу Улсын Бага Хурлыг байгуулсан. Ийнхүү 1990 оны 9 дүгээр сарын 13-нд Улсын Бага Хурлын анхдугаар чуулган үйл ажиллагаагаа эхэлснээр манай улсад байнгын ажиллагаатай парламент бүрдэж, төрийн байгуулалтын шинэ тогтолцоо үүссэн түүхтэй.

Парламент нь иргэдийн эрх ашгаа даатгаж, сонгосон итгэмжит төлөөлөгчдийн байгууллага бөгөөд бүх нийтийн хяналтад байдаг төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага юм. Монголын парламент улс орны хөгжил, нийгмийн харилцааг төлөвшүүлэх эрх зүйн үндэс суурийг бүрдүүлж, хүмүүнлэг, ардчиллын зарчим, үнэт зүйлийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрээрээ олон улсад дээгүүрт үнэлэгддэг.

Монгол Улсын Үндсэн хуульд 2022 онд өөрчлөлт оруулж, “УИХ нь нэг танхимтай, 126 гишүүнтэй байна...” гэсний дагуу 2024 оны УИХ-ын сонгуулиар анхны 126 гишүүнтэй шинэ парламент байгуулагдаж, хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл баримтлалтай эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх, хууль тогтоомжийг тодорхой, ойлгомжтой, хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болгох, эрх зүйн зохицуулалтыг нийгмийн хурдацтай хөгжилд нийцүүлэн цаг алдалгүй гаргахыг үндсэн чиглэлээ болгохоо илэрхийлээд байна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button