Мьянмарт Яаги хар шуурганы улмаас 100 гаруй хүн амь үрэгджээ
Яаги хар шуурга Мьянмарт хүрсний улмаас үер бууж, хөрсний гулгалт болон 100 гаруй хүн амь үрэгджээ. Тус улсын зэвсэгт хүчний удирддаг засгийн газрын төлөөлөгч Зау Мин Тун ням гарагт /2024.09.15/ мэдэгдэл хийхдээ 113 хүн нас барж, 64 хүн сураггүй байгаа гэсэн юм. Гэвч орон нутгийн мэдээллүүдээс харахад амь насаараа хохирсон хүмүүсийн тоо илүү өндөр байх төлөвтэй байна.
“AFP” агентлаг мэдээлснээр Яаги хар шуурганы улмаас 320 мянган хүн түр орогнох байранд нүүн суурьшжээ. Яаги бол энэ жил Азид үүссэн хамгийн хүчтэй далайн хар шуурга юм. Тус шуурга Вьетнам, Лаос, Хайнан болон Филиппинээр дамжиж өнгөрсөн. Мьянмарт хүрэхээс өмнө шуурганы улмаас 287 хүн амь үрэгджээ.
Мьянмарын төрийн өмчит хэвлэл баасан гарагт /2024.09.13/ мэдээлэхдээ 66 мянган байшин, 375 сургууль болон хийд сүйдсэн гэсэн юм. Мөн олон км зам болон дэд бүтцийн байгууламж үерт урсжээ. Яаги шуурга Вьетнамд хүрснийхээ дараа хүч нь буурсан ч гэсэн борооны улмаас Азийн зүүн өмнөд бүсэд аюултай хөрсний гулгалт үүсээр байгаа юм.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.