ОХУ Курск мужид хоёр тосгон буцааж авсан гэжээ
Украины зэвсэгт хүчин өнгөрсөн сарын эхээр ОХУ-ын хилийг давж Курск мужид довтолгоо эхлүүлсэн. Тэгвэл ОХУ даваа гарагт /2024.09.16/ мэдэгдэл хийхдээ Курск мужийн баруун бүсэд байрладаг хоёр тосгоныг буцааж авсан гэжээ. Тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдсэнээр Москвагийн цэргүүд Успеновка, Борки суурингуудыг чөлөөлсөн хэмээсэн юм. Тэр хоёр тосгон Украины Сумы мужийн хилээс 20 км зайд оршдог.
ОХУ-ын армийн ахлах командлагч, Кремлийг дэмжигч дайны блогчид өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ Орос цэргүүд 10 орчим сууриныг хяналтдаа авсан гэсэн юм. Харин Украин Курскийн 1,300 гаруй км квадрат газар нутаг, 100 тосгон эзэмшиж байгаа гэж мэдэгдсэн. Үүнийг ОХУ-аас үгүйсгэсэн.
Курск мужийн амбан захирагч Алексей Смирнов даваа гарагт /2024.09.16/ мэдэгдэл хийхдээ Украины хилээс 15 км зайд оршдог хоёр суурин газрын оршин суугчдыг нүүн шилжих тушаал гаргасан юм. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский орой болгон хийдэг мэдэгдэлдээ Курскийн нөхцөл байдлын талаар армийн командлагч Александр Сирскийтэй ярилцсан гэжээ. Тэрбээр Курск дахь цэргүүд нь төлөвлөсний дагуу өдөр бүр ажиллагаа явуулж байгаа хэмээсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.