Хүнсний улаан буудай зэрэглэлээсээ шалтгаалж тонн нь 900,000- 1,150,000 төгрөгийн үнэтэй
Сэлэнгэ аймгийн Хөтөлд улаан буудайн биржийн туршилтын арилжаа зохион байгуулж, II зэрэглэлийн 1100 тонн улаан буудай худалдаалсныг Хөдөө аж ахуйн бирж мэдээлсэн.
Улаан буудайг биржээр арилжсанаар чанартай үр тариа улаан буудайг зах зээлийн үнээр арилжих нөхцөлийг бүрдүүлэхээс гадна салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтойг зохион байгуулагчид онцолсон байна. Цаашдаа улаан буудайг биржээр арилжих нөхцөлийг сайжруулж, эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох шаардлагатайг салбарын яам тодотгожээ.
Биржээс зарласан үнийн хувьд энэ оны намрын ургацын хүнсний улаан буудай зэрэглэлээсээ шалтгаалж тонн нь 900,000- 1,150,000 төгрөгийн хооронд байна.
Манай Улс улаан буудайн хэрэгцээгээ дотооддоо 100 хувь хангах зорилт тавиад байгаа ч улаан буудайн импорт оны эхний 8 сард өмнөх оны мөн үеэс бараг 2 дахин өссөнийг Гаалийн ерөнхий газрын статистикаас харж болохоор байна. Тодруулбал, оны эхний 8 сард 82.3 мянган тонн улаан буудайг 24.1 сая ам.доллароор импортолжээ. Үнийн дүнг өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлттэй харьцуулахад 79.7 хувиар өссөн байна.
Засгийн газраас гурилын үнийг тогтворжуулж, улаан буудай тариаланчдыг дэмжих зорилгоор гурил, тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөхөөр болсон. Мөн жил бүр стратегийн нөөцөд 100 мянган тонн хүртэлх улаан буудайг худалдан авч байхаар шийдвэрлэсэн. Ингэснээр дотоодод өрсөлдөөн бий болж, тариаланчид бодит үнээр улаан буудайгаа борлуулах, цаашлаад экспортлох боломж бүрдэхийг мэдээлж байсан юм.
Хөдөө аж ахуйн биржээр наймдугаар сард нийт 55 удаагийн хэлцлээр 71.1 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна. Энэ долоодугаар сарын дүнгээс 58.7 хувиар буурчээ. Задлаад харвал 355 тонн самнасан болон угаасан ноолуурыг 66.4 тэрбум төгрөгөөр, 113 тонн тэмээний ноосыг 1.5 тэрбум төгрөгөөр арилжсан. Үүнээс гадна 3.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хонины ноос, 1.5 сая төгрөгийн тосны ургамлыг тус тус биржийн арилжаагаар худалджээ.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.