АНУ бодлогын хүүгээ сүүлийн дөрвөн жилд анхны удаа буурууллаа
АНУ-ын Холбооны нөөцийн сан (ХНС) лхагва гарагт /2024.09.18/ бодлогын хүүгээ 0.5 хувиар бууруулж, 4.75-5.0 хувь болгосон байна. Энэ нь дөрвөн жилд анхны удаа хүүг бууруулсан тохиолдол юм. Үүнээс өмнө АНУ-ын бодлогын хүү сүүлийн 23 жилд байгаагүй өндөр түвшинд буюу 5.25-5.5 хувь байсан.
Хоёр өдрийн турш Холбооны нээлттэй зах зээлийн хороо (FOMC) хуралдсаны дараа ХНС ийнхүү бодлогын хүүгээ бууруулах шийдвэрээ танилцууллаа. АНУ ийнхүү бодлогын хүүгээ бууруулсан нь инфляцын түвшин өнгөрсөн сард 2.5 хувь болж, ХНС-гийн зорилтот 2 хувьд хүрсэнтэй холбоотой юм. Мөн хамгийн сүүлийн үеийн тооцооллоор бол хувийн хэрэглээний зардлын инфляц энэ оны эцэст 2.3 хувь, дараа жилийн эцэст 2.1 хувь болж буурч магадгүйг харуулжээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр ХНС-ын дарга Жером Пауэлл мэдэгдэхдээ төв банк одоо бодлогын хүүг бууруулах мөчлөгөө эхлүүлсэн, АНУ-ын эдийн засаг сайн нөхцөл байдалд байгаа гэсэн юм. Тэрбээр “Өнөөдөр бидний гаргасан шийдвэр нь энэ нөхцөлийг хадгалах юм. Бүр тодруулбал эдийн засаг тогтвортой хурдтай хөгжиж байна. Цаг ирэх тусам инлфяц 2 хувьд ойртож байгаа бөгөөд хөдөлмөрийн зах зээл тогтвортой хэвээр байна. Бидний зорилго бол АНУ-ын эдийн засгийн одоогийн хүчийг хадгалах явдал” хэмээсэн байна.
Эх сурвалж: Yonhap News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.