Хезболла, Израил хоёр дайтахдаа туллаа
Товч агуулга: Ойрх дорнодод Газын зурвасын дайн эхлээд арван нэг гаруй сар өнгөрөөд байна. Энэ хугацаанд өөр томоохон дайн дэгдэх шахсан хэд хэдэн тохиолдол гарсан. Дайн үүсэх магадлалтай байсан улсуудад Израил, Ливан хоёр багтаж байсан юм. Тэгвэл хоёр хоног дараалан өрнөсөн явдлаас болж Израил болон Ливан дахь Хезболла бүлгийн хооронд дайн гарах эрсдэл дээд цэгтээ туллаа.
Мягмар гарагт /2024.09.17/ Ливан дахь Хезболла бүлгийн ашигладаг пэйжерүүд дэлбэрч 12 хүн амь үрэгдэн, 3 мянган хүн бэртсэн байна. Хэдэн сарын өмнө Хезболла 5 мянга гаруй пэйжер Тайвань компанид захиалж хийлгүүлжээ.
Тэгвэл Ливаны аюулгүй албаны эх сурвалж “Reuters” агентлагт хэлэхдээ Израилын Моссад тагнуулын алба тэдгээр пэйжерүүдэд жижиг хэмжээний тэсрэх бодис суурилуулсан гэсэн байна. Ираны дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг Хезболла үүний хариуг Израил барихаа мэдэгдсэн юм.
Хезболлагийн гишүүд Израилын тагнуулын албанд байршлаа алдахаас сэргийлж Тайванийн “Gold Apollo” компанийн “AP924” загварын пэйжер ашиглаж байжээ. Ливаны эх сурвалжийн хэлснээр Израилын тагнуулын алба пэйжерүүдэд үйлдвэрийн түвшинд өөрчлөлт хийсэн гэж хэлсэн байна. Захиалгаар авчирсан пэйжерүүдийн 3 мянга гаруй нь зэрэг дэлбэрчээ.
Тус эх сурвалж “Моссад код хүлээн авдаг тэсрэх бодис бүхий самбарыг төхөөрөмж дотор суулгасан. Үүнийг ямар нэгэн аргаар илрүүлэхэд хүндрэлтэй. Төхөөрөмж эсвэл сканнер байсан ч хэцүү” хэмээсэн байна. Өөр нэгэн Хезболлагийн албан тушаалтан эдгээр дэлбэрэлт нь тус бүлэгт учирсан хамгийн том аюулгүй байдлын цоорхой гэсэн байна. АНУ-ын засгийн газрын Ойрх дорнодын үндэсний тагнуулын дэд офицер асан Жонатан Паникофф “Энэ нь Хезболлагийн сүүлийн арван хэдэн жилд тохиосон хамгийн том сөрөг тагнуулын үйл ажиллагааны бүтэлгүйтэл” гэсэн юм.
Ийм том хэрэг гарснаас нэг өдрийн дараа лхагва гарагт /2024.09.18/ Хезболлагийн хэрэглэдэг гар радионууд мөн дэлбэрчээ. Үүний улмаас 20 хүн амь үрэгдэн, 450 гаруй хүн бэртэж гэмтсэн юм. Нэгэн Ливаны хэвлэл мэдээлснээр Бейрүт хот болон улсынх нь өмнөд хэсэгт хэд хэдэн нарнаас эрчим хүч хураах систем дэлбэрсэн байна. Энэ хоёр халдлагыг Израилын тагнуулын алба явуулсан бололтой гэж шинжээчид үзэж буй.
Одоогийн байдлаар дэлбэрэлтүүдэд Израилын талаас мэдэгдэл хийгээгүй байгаа юм. Харин Израилын Батлан хамгаалахын сайд Йоав Галлант “Бид дайны шинэ үе шатыг нээж байна. Энэ нь биднээс эр зориг, шийдэмгий байдал, тэсвэр тэвчээрийг шаардана” гэсэн.
Йорданы Гадаад хэргийн айд Айман Сафади Израилыг Ойрх дорнодод бүс нутгийн дайн руу шахаж байна гэж буруутгасан. АНУ тэдгээр дэлбэрэлтүүдэд ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдсэн байгаа. Харин нэгэн нэрээ нууцалсан АНУ-ын албан тушаалтан хэлснээр Израил мягмар гарагт /2024.09.17/ Вашингтонд мэдэгдэл хүргэхдээ Ливанд ямар нэгэн зүйл хийнэ гэжээ. Ливанд ийнхүү хоёр өдөр дараалан дэлбэрэлт гарсан нь Ойрх дорнодод дахин нэг дайн үүсэх эрсдэлийг эрс нэмэв.
Израил Ливаны хиллэдэг бүсийн аюулгүй байдлаа чангатгаж эхэлсэн
Томоохон хэмжээний хоёр халдлага дараалан гарсан нь Израил Ливантай дайн хийхээр бэлтгэж байгаа гэж сэжиглэхэд хүргэж байгаа юм. Израилын Батлан хамгаалах, аюулгүй байдлын форумыг удирддаг бригадын генерал Амир Авиви “Олон мянган хүнийг гэмтээчхээд дайн эхлэхгүй гэж хэн ч бодохгүй. Яагаад бид сүүлийн 11 сарын турш ийм алхам хийгээгүй вэ? Учир нь бид дайн хийхэд бэлэн бус байсан. Яагаад одоо ийм зүйл болов? Учир нь Израил дайн хийхэд бэлэн болсон” гэжээ.
Газын зурвас дахь байлдааны ажиллагаа удаашрахын хэрээр Израил Ливантай хиллэдэг бүсийнхээ хамгаалалтыг чангатгаж эхэлжээ. Газын зурвасын дайны хамгийн ширүүн байлдаанд оролцсон Израилын армийн дивиз одоо Ливан, Израилын хил дээр ирсэн байна.
Тус 98-р дивизийн бүрэлдэхүүнд олон мянган явган цэрэгтэй. Тэдний дунд дайсны шугамын ард үйл ажиллагаа явуулахад тусгайлан бэлтгэгдсэн их буу болон элит командлалын хүчин зэрэг цэргүүд бий. 98-р дивиз Газын зурвасын гол байлдаануудад оролцож, Хамас бүлгийн бэхлэлт байсан Хан Юнис хот дахь ажиллагааг тэргүүлсэн юм.
Тэдний ажиллагаа Хамаст ихээхэн хохирол учруулсан ч үүний хариуд олон мянган палестинчууд дүрвэж, энгийн иргэний дэд бүтэц их хэмжээгээр сүйрсэн байна. Израилын зэвсэгт хүчин 98-р дивизийг байрлуулснаас гадна Ливаны хил дээр цэргийн сургуулилт хийжээ.
Дайн гарах нь зайлшгүй юу?
Нэгэн Израилын хэвлэл лхагва гарагт /2024.09.18/ мэдээлэхдээ засгийн газар нь Ливанд томоохон довтолгоо эхлүүлэхээ шийдээгүй байгаа гэсэн юм. Ойрын хугацаанд дайн дэгдэх эсэх нь Хезболлагийн хариу арга хэмжээнээс их хамаарах бололтой. Бейрут дахь Карнегийн Ойрх дорнодын төвийн судалгааны дэд захирал Моханад Хейге Али “Хезболла бүх нийтийн дайнаас зайлсхийхийг хүсэж байгаа. Гэхдээ халдлагын цар хүрээг харвал илүү хүчтэй хариу арга хэмжээ авах дарамт шахалт үүссэн” гэсэн байна
Наймдугаар сарын сүүлээр “Israeli Democracy Institute” тинк танк санал асуулга явуулахад хүмүүсийн 67 хувь нь Хезболлагийн эсрэг хариу арга хэмжээгээ эрчимжүүлэх ёстой гэж хариулсан байна. Тэдний 46 хувь нь Израил Ливанд цэргээ оруулж, дэд бүтцэд нь цохилт өгөх ёстой гэж үзжээ.
Израилчуудын ихэнх нь хатуу арга хэмжээ авахыг дэмжиж, Хезболла томоохон цохилтод хоёр ч удаа өртсөн тул нөхцөл байдал маш хурцадмал байна. Өмнө нь Израил, Ливантай 2006 онд сар гаруй хугацаанд байлдсан. Тус байлдаан аль нэг тал нь ялалгүй өндөрлөсөн ч Израил Ливанд их хэмжээний хохирол учруулсан юм.
Израилын удирдагчид дайн гарвал илүү хатуу арга хэмжээ авч, Ливаныг Газын зурвастай адилхан болгоно хэмээсэн. Гэхдээ Хезболла 2006 оноос хойш хүчирхэгжсэн. Тус бүлэг ойролцоогоор 150 мянга орчим пуужинтай гэх тооцоо бий. Мөн Израилын эмзэг объектуудад аюул учруулж болзошгүй чиглүүлэгч системтэй. Үүнээс гадна боловсронгуй байлдааны дроны флоттой болсон. Ийм учраас Израил, Хезболла дайтвал хоёр тал томоохон хохирол хүлээх нь дамжиггүй ч Ливан хамгийн ихээр хохирно.
Эх сурвалж: Reuters, Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иран, Сири шууд дайтаж, Арабын орнууд татагдан орж магадгүй
Өөдгүй жүүдүүд устаж П�##�естины газар нутаг чөлөөлөгдөөсэй
АНУ,Израйль гэсэн Улсуудыг газрын хөрснөөс арчиж хаясан цагт Дэлхийд энх тайван тогтоно,
.... Жинхэнэ боолчлол тогтож, дэлхийн эзэд хүйтэн зэрлэг байдлаар ноёрхоно.
muu eriin muslim teroristuudiig bugdiig n ustgah ntei