Израилын сөнөөгч онгоцууд Ливаны өмнөд бүсэд томоохон агаарын цохилт өглөө
Амралтын өдрүүдэд Хезболла, Израил хоёр харилцан гал нээлээ. Израилын сөнөөгч онгоцууд Ливаны өмнөд бүсэд томоохон агаарын цохилт өгч, Хезболла Израилын хойд бүс рүү олон тооны пуужин харважээ. Бямба гарагт /2024.09.21/ Израилын зэвсэгт хүчин 290 гаруй байнд цохилт өгсний дотор Хезболлагийн пуужин харвагчид багтсан гэсэн юм. Тус улсын зэвсэгт хүчин цаашид ч олон хариу цохилт өгнө хэмээжээ.
Хезболла мэдэгдэл хийхдээ Израилын Рамат Дэвид агаарын баазыг онилсон гэсэн юм. Тус бүлгийн цохилтын улмаас Израилын Хайфа хотын ойролцоох байшин зэрэг хэд хэдэн барилгад хохирол учирчээ. Аврах багийнхан шархадсан хүмүүст тусламж үзүүлж, хүн нас барсан талаар мэдээлэл гараагүй байна. Израил хойд бүсийнхээ сургуулиудыг хааж, олноороо цугларахыг хязгаарлан, эмнэлгүүдийг үйл ажиллагаагаа пуужингаас хамгаалах системтэй байгуулaмжид шилжүүлэхийг тушаасан юм.
Газын зурваст аравдугаар сарын долоонд Хамас бүлэг, Израилын хооронд дайн дэгдсэн. Үүний дараа Хезболла бүлэг Израилын хойд хил дээр гал нээж өөр нэг мөргөлдөөн эхлүүлсэн юм. Хезболла, Израилын мөргөлдөөний нөхцөл байдал өнгөрсөн долоо хоногт эрс хурцадсан. Өнгөрсөн долоо хоногийн хоёр өдөр Хезболлагийн хэрэглэдэг электрон хэрэгслүүд дэлбэрч олон мянган хүн шархдаж 39 хүн амь үрэгдсэн юм. Үүний дараа Хезболлагийн удирдагч Хассан Насралла хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн.
Хоёр талын дунд бүх нийтийн дайн үүсэх магадлал өндөр байгаа юм. Тус мөргөлдөөнд Хезболлагаас өөр бүлэг байна. Ираны дэмжлэгтэй Иракт үйл ажиллагаа явуулдаг Исламын эсэргүүцэл хөдөлгөөн ням гарагт /2024.09.22/ Израил руу далавчит пуужин харважээ. Тус бүлгийн албан тушаалтан Ливанд өгч буй дэмжлэгийн шинэ үе шат эхэлсэн гэсэн байна.
Ливанд суугаа НҮБ-ын тусгай зохицуулагч Жанин Хеннис Ойрх дорнодын бүс гамшгийн ирмэг дээр тулж ирснийг анхааруулжээ. Тэрбээр “Бүс нутаг гамшгийн ирмэг дээр байгаа тул үүнийг дахин дахин хэлмээр байна. Аль нэг талын аюулгүй байдлыг нэмэх зэвсэгт хүчний шийдэл гэж үгүй” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.