Аутизмын хүрээний эмгэгийг Монголдоо эмчилдэг болно

Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчнүүдийн оношилгоо, эмчилгээг эх орондоо нутагшуулах зорилгоор өндөр хөгжилтэй орны тухайн чиглэлээр тэргүүлдэг эмнэлэг, их сургуульд 13 үндэсний багийг энэ ондоо багтааж суралцахаар болсон.
Шийдвэр хэрэгжиж энэ долоо хоногоос эмч нарын эхний баг сургалтад хамрагдахаар Турк, Энэтхэг улс руу явлаа. Тэд аутизмын хүрээний эмгэг, хүүхдийн зүрхний хэм алдалт өвчнийг оношлох, эмчлэх аргыг сурч ирнэ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан сургалтын багт орсон эмч нартай хариуцлагын гэрээ байгуулсан. Ингэхдээ “Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбар гадаад сургалтад хэдэн тэрбум төгрөг зарсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээ тэр хэрээр сайжирсан уу гэвэл, үгүй. Энэ жил Монголд эмчлэх боломжгүй өвчний оношилгоо, эмчилгээг эх орондоо нутагшуулах зорилгоор 13 эмч нарын багийг гадаадад суралцуулахаар төлөвлөсөн. Үүнд багагүй хөрөнгө зарцуулж байгаа. Аливаа зүйлд бид хариуцлагатай хандах ёстой.
Дээрх бүх багуудтай явахаас нь өмнө хариуцлагын гэрээ байгуулж, юу сурч мэдэх ёстой вэ гэдгийг нь тодорхойлж өгч байна. Тиймээс олдсон цаг хугацаагаа зөв ашиглаж, аль болох ихийг сурч мэдээрэй. Ирээд сурсан мэдсэнээ богино хугацаанд эмчилгээндээ нэвтрүүлж, нутагшуулаарай гэж захья. Нэг зүйлийг онцолж хэлье. Эмч нарын харилцаа, хандлагаас болж, салбарын нэр хүнд унаж байгаа. Тиймээс энэ тал дээр анхаарч, үлгэр жишээ ажиллаарай” гэж хэллээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.