Ираны уурхайд дэлбэрэлт гарсны улмаас 51 хүн амь үрэгдлээ

Ираны Өмнөд Хоросан мужид байрладаг агуйд хий алдагдсаны улмаас дэлбэрэлт болж, 51 хүн амь үрэгдэж, 20 хүн бэртсэн байна. Табас хотын ойролцоо оршдог тус уурхайд метаны хий алдагдсаны улмаас дэлбэрэлт гарсан гэж эх сурвалжууд мэдээлжээ. Ираны төрийн өмчит хэвлэл ням гарагт /2024.09.22/ мэдээлэхдээ дэлбэрэлт бямба гарагийн /2024.09.21/ орон нутгийн цагаар 21:00 минутад болсон гэсэн юм.
Өмнөд Хоросан мужийн амбан захирагч Жавад Генаатзаде хэлэхдээ дэлбэрэлт гарах үед уурхайд 69 ажилчин байсан хэмээжээ. “Associated Press” агентлаг мэдээлснээр тэр “Маданжоо уурхайн B, С блокт 69 хүн ажиллаж байсан харамсалтайгаар дэлбэрэлт боллоо” гэсэн байна.
“Reuters” агентлаг мэдээлснээр Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкян амиа алдагсдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Тэрбээр “Би ослын талаар сайд нартай ярилцаж, чадах бүхнээ хийх болно” гэсэн байна. Табас хотын уурхай нь 30 мянга гаруй км квадрат талбай эзэлдэг, коксжих болон эрчим хүчний нүүрсний орд юм.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.