Израил цэргүүддээ Ливан руу довтлоход бэлэн байхыг мэдэгдлээ
Израилын зэвсэгт хүчний жанжин штабын дарга цэргүүдээ Ливан руу довтлоход бэлэх байхыг лхагва гарагт /2024.09.25/ мэдэгдсэн байна. Харин Хезболла өчигдөр Израилын нийслэл Тель-Авив руу пуужин харвасан нь тус бүлэг урьд өмнө нь байгаагүй гүн цохилт өгөх гэж оролдсон явдал болжээ.
Израилын зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Херзи Халеви улсынхаа хойд хил дээрх цэргүүдэд хандаж үг хэлсэн байна. Тэрбээр Израил энэ долоо хоногт Ливанд цохилт өгч байгаа нь газрын довтолгоо хийж магадгүй нөхцөлд бэлтгэх зорилготой гэсэн юм. Израилын зэвсэгт хүчин мэдэгдэл хийхдээ Хезболлагийн зэвсэг, пуужин харвагчид цохилт өгсөн хэмээсэн. Ливаны эрүүл мэндийн яам тэдгээр цохилтын улмаас 600 гаруй хүн амь үрэгдсэн гэсэн юм.
Тель-Авив руу пуужин харвасан талаар Халеви үг хэлэхдээ “Өнөөдөр Хезболла гал нээх хүрээгээ тэллээ, ийм учраас өнөөдөр тэд хатуу хариу арга хэмжээ амсана. Та бүхэнд бэлдэцгээ” хэмээжээ. Израилын зэвсэгт хүчин саяхан хуурай газрын довтолгоо хийх төлөвлөгөөгүй гэж мэдэгдсэн. Гэхдээ Халевигийн хэлсэн үг нь Ливан руу цэргүүдээ оруулна гэдгийг илтгэх хамгийн том сэжүүр боллоо.
Эх сурвалж: Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.