ОХУ-аас 32 мянган жилийн настай савагт хирсийн маш сайн хадгалагдсан үлдэгдэл олджээ
Эрдэмтэд ОХУ-ын мөнх цэвдгээс 32 мянга гаруй жилийн настай маш сайн хадгалагдсан савагт хирсийн үлдэгдлийг олжээ. Тус олдвор мөнх цэвдэг дотор байсан тус арьс, ноос нь хүртэл бүрэн бүтэн байсан байна. Тэрхүү хирс ойролцоогоор дөрвөн настай байхдаа үхжээ. Маш залуудаа эндэж, сайн хадгалагдсан тул энэ олдвор савагт хирсийн талаар шинэ мэдээлэл олоход эрдэмтдэд тусалж байна.
Олдворыг судлахад оролцоогүй Стокхолмын их сургуулийн хувьслын геномикийн профессор Лав Дален “Мөстлөгийн үеэс хадгалагдсан амьтдын үлдэгдлийн ихэнх нь яс, шүд байдаг. Ямар ч мах, арьс эсвэл үүнтэй төстэй бүтэц бараг олддоггүй” гэжээ. Тэрбээр нэмж “Үүнтэй төстэй үлдэгдэл олдох нь бараг арван мянгад нэг тохиох байх. Гэхдээ үүнтэй зэрэгцэн мөнх цэвдгээс маш олон үлдэгдэл олдож байгаа тул ийм зүйл бараг жил болгон олддог боллоо” хэмээсэн юм.
Эрдэмтэд шинээр олдсон үлдэгдлийг судалсан эрдэм шинжилгээний ажлаа “Doklady Earth Sciences” сэтгүүлд нийтлүүлжээ. Тус судалгаа нь савагт хирс нуруу дээрээ том өөхөн бөмбөрцөгтэй байсныг илрүүлсэн байна. Мөн нас бие гүйцэх тусам хирсийн ноосны өнгө өөрчлөгддөг болохыг илрүүлсэн аж.
Савагт хирс 30 мянга гаруй жилийн өмнө зүүн Сибирийн бүсэд амьдарч байхдаа мөстлөгийн үеийн хамгийн том өвсөн тэжээлт амьтдын нэг байжээ. Тэднээс том цор ганц өвсөн тэжээлтэн нь арслан заан.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.