НийгмийнЭгэл бус амьдрал

ЭГЭЛ БУС АМЬДРАЛ: Шавь нарынхаа төлөө зургаан жил цалингүй ажиллаж байгаа дасгалжуулагч

Бусдыг од болгон гэрэлтүүлж, их амжилтад хүргээд өөрөө даруухан бахархан суудаг, уулс мэт дүнхийж үлддэг хүн бол дасгалжуулагч. Тэд өөрсдөө гялалзаж тодрохыг бус шавь минь л амжилт гаргавал бусад нь яах вэ, би яах вэ гээд хөлсөө арчин суудаг билээ. Шавь нарынхаа төлөө бүхнээ зориулж, амжилтын жимийг нь гаргаад өөрөө чимээгүйхэн инээж суудаг мянга мянган дасгалжуулагч Монголд бий. Тэдний нэг нь чөлөөт бөхийн дасгалжуулагч Паламын Чулуунбаатар. Дасгалжуулагчаар 20-иод жил ажиллаж буй тэрбээр ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Б.Номин, ДАШТ-ий хүрэл медальт, оюутны дэлхийн аварга Т.Түвшинтулга, залуучуудын ДАШТ-ий алт, хүрэл, оюутны ДАШТ-ий мөнгөн медальт Э.Даваачимэг, 23 хүртэлх насны ангиллын ДАШТ-ий хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий хүрэл, өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Н.Анударь, армийн ДАШТ-ий мөнгө, цэргийн дэлхийн наадмын хүрэл медальт Э.Даваанасан, эгч дүүс болох залуучуудын ДАШТ, насанд хүрэгчдийн УАШТ хүрэл медаль Б.Энхцэцэг түүний дүү, залуучуудын олимпод V байрт шалгарсан, насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальт Б.Энхзул, залуу тамирчин Энхтүвшин нарын багш нь.

Мөн холимог тулааны шилдэг тамирчин О.Пүрэв, сонгомол бөхийн ДАШТ-д өрсөлдөгчөө ялсан Монголын анхны бөх, 23 хүртэлх насны ангиллын Азийн АШТ-ий хүрэл медальт М.Даваабанди нарын цөөнгүй шилдэг түүний шавь. П.Чулууунбаатар дасгалжуулагчийн шавь нар Монголын чөлөөт бөхийн спортын түүхэнд анхны тодотгол бүхий хоёр ч амжилтыг гаргаад байгаа. Түүний шавь Т.Түвшинтулга оюутны ДАШТ-д, Э.Даваачимэг залуучуудын ДАШТ-д түрүүлсэн манай улсын анхны бөх билээ.

Хэрвээ П.Чулуунбаатартай уулзахыг хүсвэл энд тэндээс хайх ер хэрэггүй, утас руу нь залгах ч шаардлагагүй гэхэд хилсдэхгүй. Спортын төв ордны чөлөөт бөхийн зааланд л очиход хангалттай. Тэнд л тэрбээр тамирчдынхаа бэлтгэлийг хийлгээд завгүй сууж байдаг юм. Заримдаа “Шавь нарын бэлтгэл сайн. Сая гадагшаа тийм тэмцээнд оролцоод, тэр минь сайхан амжилт гаргалаа” гэсээр инээмсэглэн угтана. “Тийм тэмцээнд оролцох гэсэн чинь манай тэрний зардал дутаад байдаг. Ах нь сандарч явна” гэсээр хурдан хурдан алхсаар дараагийн ажилдаа яарсаар одох нь ч бий. Чөлөөт бөхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэн, бүхнээ зориулж яваа эрхмүүдийн нэг нь тэр яах аргагүй мөн. Түүнтэй ярилцлаа.

ДОЛОО ХОНОГТ ГАНЦХАН ӨДӨР АМАРДАГ

 -Тантай энд, тэнд таарахад үргэлж л шавь нарынхаа бэлтгэл, тэмцээний зардалд санаа зовж явдаг. Яалт ч үгүй дасгалжуулагч хүний жаргал, зовлонгийн нэгээхэн хэсэг нь мөн л дөө. Шавь нарынхаа бэлтгэлийг сайн хийлгэн, өндөр амжилтад хүргэх сэн гэсээр хувийн амьдралдаа хангалттай цаг гаргаж амждаг уу?

-За, даа ер нь хүнд шүү дээ. Шавь нарынхаа бэлтгэлийг хэрхэн хийлгэх вэ, тэмцээний зардлыг нь яаж олох вэ гэж гүйсээр байтал таардаг. Тэглээ гээд би үүндээ шантарч байгаагүй. Дасгалжуулагч бүхэн ийм л замнал туулдаг. Ер нь дасгалжуулагчийн ажил их хүнд. Хувийн амьдрал хоёрдугаарт тавигддаг шүү дээ. Манай эхнэр 2012 онд надаас салсан. Одоо би том охинтойгоо хамт амьдардаг. Ээж надад их тусалдаг. Хүний дайтай амьдрах гээд, охиноо боловсролтой, сайн хүн болгох гээд хичээж л явна. Нэгэнт зорьсных эцсийг нь үзье, хөдөлмөрийнхөө үр дүнг харъя гээд л зүтгээд байгаа юм, би. Шавь нар чамлахааргүй сайхан амжилт гаргаж байна. Насанд хүрэгчдийн ДАШТ-ий медальт хоёр шавьтай боллоо. Бусад насны ангилалд ч мөн миний шавь нар тив, дэлхийн дэвжээнд өндөр амжилт гаргасаар байгаа. Үүнд нь урамшин, улам хичээх эрч хүч авдаг.

-Ер нь долоо хоногт хэдэн өдөр амардаг вэ?

-Инээв. Үнэнийг хэлэхэд зургаан өдөр нь энд тамирчдынхаа бэлтгэлийг хийлгэдэг. Нэг өдөр л амардаг. Сард дунджаар гадагшаа тэмцээн, бэлтгэлд 14 хоногийг зарцуулдаг. Заримдаа 20 гаруй хонох нь ч бий. Өдөржин тамирчдын бэлтгэл, сургуулилалт гэсээр орой гэртээ харина. Унтаж амарчихаад л зааландаа ирнэ. Энд ингээд тамирчдынхаа бэлтгэлийг хийлгэн, бужигнаж суух их сайхан.

-Харьяалагддаг, таныг цалинжуулдаг байгууллага бий юү?

-Байхгүй. Цалингүй зургаан жил ажиллаж байна. Харьялагдсан байгууллагагүй, цалингүй яваадаа гутардаггүй.

-Бүр ямар ч цалингүй юу?

-Тийм ээ. Шавь нар минь амжилт гарган, медалиа энгэртээ зүүн, инээмсэглэн зогсох надад хамгийн том шагнал. Юугаар ч хэмжишгүй өндөр цалин. Би ер нь алдар нэр, гавьяа шагналын төлөө улайрдаг зарим хүнийг ойлгодоггүй. Ашгийн төлөө явж үзээгүй. Тэгэх үнэн голоосоо дургүй. Би бусдад хариу нэхэлгүйгээр туслах их дуртай. Чөлөөт бөхөд хайртай, элэгтэй хүмүүс надад юм бэлэглэвэл шавь нартаа л зориулдаг. Ер нь охиндоо юм авч өгч байсан юм уу. Тийм л аав шүү дээ. Үүгээр намайг дүгнэвэл би их муу эцэг байгаа биз (инээв). Мэдээж би охиндоо халамжтай, түшигтэй, сайн аав байхыг хичээдэг. Зүгээр нэг хичээх бус үйлдлээрээ үргэлж үлгэрлэж явахыг чухалчилдаг.

ЦАЛИН, МӨНГӨӨР ХЭМЖИШГҮЙ ЗҮЙЛ АМЬДРАЛД ИХ БИЙ

-Өнөөгийн нийгэмд тэр тусмаа нийслэл хотод цалингүй амьдрах амаргүй. Та хэрхэн зохицуулдаг вэ?

-Бөхийн спортыг дагасан хүн хэзээ ч хоосон хонодоггүй гэж ёстой үнэн. Чөлөөт бөхийн спортын буян их. Охин минь Урлах эрдмийн дээд сургуульд сурдаг. Овоо тусад орсон, аавдаа зөндөө дэм болдог. Ээж, манай хоёрынх нэг хашаанд амьдардаг.

-“Зургаан жил цалингүй, тэгээд бүр долоон хоногийн зургаан өдөрт нь цаг наргүй ажиллаад” гээд зарим хүн гайхах юм уу?

-Ёстой тэгдэг. Худлаа яриад бай гээд гайхдаг юм. Би ерөөсөө чөлөөт бөхийн спортод хайртай, шавь нартаа хайртаа болохоороо л ингээд зүтгээд байгаа юм шүү дээ. Цалин, мөнгөөр хэмжишгүй зүйл амьдралд их бий. Үүнийг зарим хүн анзаардаггүй юм шиг байна лээ.

Намайг өмнө нь дэмжиж байсан, одоо дэмжиж байгаа олон хүн бий. Өнөөгийн бидний амжилтад Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүн Д.Сумъяабазар аварга, “Хасу Мегаватт” компанийн захирал Ж.Түмэн-Аюуш, Чингэлтэй дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч Дэчингалсан, аймгийн арслан, Хөвсгөлийн уугуул Энхтайван, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч байсан Гантулга, “Хүчит чулуу” компанийн захирал Бат-Эрдэнэ нарын дэмжлэг, тус их бий. Шавь нараа улам өндөр амжилтад хүргэн, тэдний тусыг хариулахыг хүсдэг. Би өөрийнхөө төлөө хэн нэгнээс юм гуйж ёстой чаддаггүй. Шавь нарынхаа төлөө гуйхаас хэзээ ч ичдэггүй.

-Тан шиг цалингүй ажиллан, бүхнээ зориулж яваа өөр дасгалжуулагч бий юү?

-Байлгүй яах вэ. Ахмадын ДАШТ-ий олон медальтай Ш.Баянмөнх, ДАШТ-ий хошой хүрэл медальт Б.Шоовдорын багш Сумъяа нар улсаас ямар нэгэн цалин авдаггүй. Зарим хүн биднийг “Сайн дурынхан” гээд хошигнодог юм.

НАД ШИГ АЛДАВ, ГЭР БҮЛДЭЭ ЦАГ ГАРГАЖ БАЙГААРАЙ ГЭЖ СПОРТЫНХОНД ЗАХИДАГ

-Та ярилцлагын эхэнд 2012 онд эхнэрээсээ салсан гэсэн. Үүнд дасгалжуулагчийн цаг, наргүй ажил тодорхой хэмжээнд нөлөөлсөн үү?

-Нөлөөлсөөн, юуг нь нуух вэ. Тамирчдын бэлтгэл, тэмцээн гээд гэртээ байхаасаа байхгүй нь их байх түүнд хэцүү байсан болов уу. Эцгийн үүрэг талын юм нэлээд орхигдсон л доо. Тамирчдын бэлтгэл, тэмцээн гэсээр гэр бүлдээ хангалттай цаг гаргаж амждаггүй байсан. Тийм болохоор намайг орхиод явсан эхнэрээ ер буруутгадаггүй. Шавь нартаа, спортынхонд “Ах шигээ алдаж болохгүй. Тиймээс спорт, амьдрал хоёрын тунг нь тааруулах хэрэгтэй. Гэр бүлдээ ямагт цаг гаргаж байгаарай. Амжилтын төлөө битгий улайраарай” гэж захьдаг.

-Одоо таны удирдлагад хэчнээн тамирчин бэлтгэл хийдэг вэ?

-Шавь нараа насанд хүрээд, томоохон амжилт гаргаад эхлэхээр нь аль болох цалин, хангамж сайтай байгууллага, спорт хороо, клубийн тамирчин болгохыг хичээдэг. Би энд тэднийг цалинжуулж, бүх талаар дэмжиж чадахгүй юм чинь тэр нь дээр. Өөр дасгалжуулагчийн шавь болоод явахад нь би эмзэглэж, харамсдаггүй. Харин ч эсрэгээрээ амжилт хүсээд, айсуй амжилт нь дардан байгаасай гэж ерөөгөөд үлддэг. Одоо шавь нараас маань дөрөв нь үлдсэн, бэлтгэлээ миний удирдлагад хийж байна. Сүүлд Э.Даваанасан, М.Даваабанди хоёроо “Алдар”-ын тамирчин болгон, Ц.Хосбаяр ахад өгсөн. Би шавь нараа сайн тамирчин, сайн хүн болгохын төлөө зүтгэдэг. Тамирчин бүхэн олимп, дэлхийн аварга болж чадахгүй. Тиймээс чөлөөт бөхөөр дамжуулан зөв хүн болгон хүмүүжүүлэх нь миний бас нэг зорилго.

Т.ТҮВШИНТУЛГЫГ ДЭЛХИЙН МЕДАЛЬТАН БОЛОХОД ӨӨРИЙН ЭРХГҮЙ УЙЛСАН

-Э.Даваачимэг үрийн зулай үнэрлэн, спортоос түр хөндийрсэн. Бэлтгэлдээ эргэж орсон уу?

-Орсоон. Одоо бэлтгэлээ хувиараа тааруулж, шигшээ багийн дасгалжуулагчдын удирдлагад хийж байгаа. Үндэсний шигшээ багийн тамирчин болохоор алзахгүй ээ. Б.Номин, Т.Түвшинтулга хоёрыг Ооска (О.Пүрэвбаатар) ах авч, дасгалжуулаад дэлхийн медальтан болгосон. О.Пүрэвбаатар ахад их баярлаж явдаг. Нээрэн энд би нэг зүйл тодотгож бодох уу?

-Бололгүй яах вэ.

-Зарим хүн намайг Гавьяат тамирчин Б.Номингийн анхны багш гэж андуурч явдаг юм билээ. Тийм биш шүү. Б.Номингийн анхны багш нь Эрдэнэбаяр. Түүнийг АНУ руу явсны дараа Б.Номин хэсэг хугацаанд “Шуу” Баяраа (Баярсайхан)-гийн удирдлагад бэлтгэл хийж байгаад миний шавь болсон юм. Б.Номин миний удирдлагад бэлтгэлээ хоёр жил хийсэн. Тэгээд Ооска ахын шавь болсон юм. Би их азтай хүн. Ирээдүйн ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчныг дасгалжуулж явснаараа бахархдаг.

-Ингэж шударга хэлж байгаа тань сайхан санагдаж байна. Учир нь цөөнгүй дасгалжуулагч бусдын амжилтыг өөртөө наахыг, өөрийнхөө шавь гэж тодотгохыг хүсдэг шүү дээ.

-Юм ер нь үнэнээрээ л байх сайхан. Өөрийнхөө хийсэн, бүтээснийг яг үнэнээр нь хэлэх л зүгээр. Түүнээс биш хачирлаад хэлвэл хаа хол явах вэ, бусдын доог болохоос хэтрэхгүй. Харин Т.Түвшинтулга бол ёстой миний гарын шавь. Үүнийг би ёстой нүүр бардам хэлнэ. Миний удирдлагад зургаан жил бэлтгэл хийсэн, инээж, уйлалдаад амжилтын төлөө зүтгэсээн, Бооёо. Өсвөрийн УАШТ-д түрүүлж, Азийн АШТ-д үзүүрлэн, спортын мастер болсныхоо дараа О.Пүрэвбаатар ахын шавь болсон юм. Би Т.Түвшинтулгыг ДАШТ-ий медальтан болоход нь өөрийн эрхгүй уйлсан. Миний шавь дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтлаа, дэлхийн бөх боллоо гэж бодохоор үнэхээр сайхан санагдсан. Ер нь бүх шавиараа бахархдаг.

МЧБХ, Д.СУМЪЯАБАЗАР АВАРГА НАДАД ИХ ТУСЛАДАГ

-Та үндэсний шигшээ багийн дасгалжуулагч биш болохоор тэмцээнд тамирчдаа дасгалжуулах зардлыг нь улсаас даах боломжгүй. Тэгэхээр тамирчдынхаа төдийгүй өөрийнхөө зардлыг олох шаггүй ажил ундардаг байх.

-Тэгдэг. Ёстой хүнд ажил шүү дээ. Яаж, ийж байгаад л зохицуулдаг. Болгоё, бүтээе гэсэн эрмэлзэл, сэтгэл байхад болдог юм билээ. Бусдаас баахан гуйж, дэмжүүлээд оролцоод амжилт гаргаад ирэх их сайхан. Эсрэгээрээ ганзага хоосон ирсэн үедээ тэднийхээ нүүрийг харахаас халгадаг. Дахиад гуйх бүр ч хэцүү.

-Монголын чөлөөт бөхийн холбооноос таныг хэр дэмждэг вэ?

-Эрвийх дэрвийхээрээ, боломжоороо дэмждэг. Энэ жил л гэхэд хоёр тэмцээнд шавь нараа дасгалжуулах онгоцны зардлыг МЧБХ-ноос даасанд баярладаг. Үүнийг чамлаж болохгүй. Их тус, дэм шүү дээ. МЧБХ-ны тэргүүн Д.Сумъяабазар аварга надад их тусалдаг. Тамирчдын зардал тутахаар л би сайдаас тусламж хүсдэг юм. Д.Сумъяабазар аварга надад ёстой ганц ч удаа татгалзаж байгаагүй. Бүхий л үед боломжоороо тусалж, дэмждэгт нь баярлаж явдаг. Би шавь нараа ямар ч тэмцээнд оролцоход нь дасгалжуулж, хамт явахыг хичээдэг. Тэднийхээ жаргал, зовлонг хуваалцах сайхан. Амжилт гаргахад нь тэврээд баяр хүргэх, ялагдахад нь түшээд тайвшуулах шиг сайхан зүйл гэж юу байх вэ.

-Таныг шилдэг дасгалжуулагчдын нэг гэдгийг спортын хүрээнийхэн сайн мэднэ. Харин тамирчин байсан үеийн тань тухай тийм ч сайн мэдэхгүй болов уу. Чөлөөт бөхийн спортод хөл тавьсан дурсамжаасаа хуваалцана уу?

-Би Улаанбаатар хотын уугуул, бага нас минь 32-ын тойрготой салшгүй холбоотой. Тэнд л бужигнаж, хүүхдүүдтэй барилдаж өссөн, 57 дугаар сургуулийг төгссөн. Улсын хошой аварга, 55 кг-д барилддаг байсан Б.Энхтөр манай хамаатан. Түүнийг бэлтгэл хийн, тэмцээнд оролцоход дагаж явдаг байв. 16 бил үү 17 настайдаа чөлөөт бөхөөр хичээллэхээр шийдэв. Тэгж явж байгаад “Алдар” нийгэмлэгт хэсэг хугацаанд бэлтгэл хийсэн. Гавьяат дасгалжуулагч Цэдэнсодном ах намайг “Шонхор”-т сурч, самбогоор барилдахыг зөвлөв. Тэгэхээр нь зүтгэсээр байгаад чөлөөт бөхийн багшийн ангид элссэн. Тус сургуульд сурч байхдаа Д.Оюунболд багшийн шавь болов. Нэг өдөр багш “Чамд авьяас алга. Барилдаад амжилт гаргаж чадахгүй. Багш болсон нь дээр” гэж зөвлөсөн юм. Тэгээд МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга байсан Баянмөнх багшийн “Алтайн барс” клубт дасгалжуулагчаар ажиллан, ажлын гараагаа эхэлж байлаа.

-Чөлөөт бөхөөр ер нь ямар амжилт гаргасан бэ?

-Гурван жил гаруй хичээллэхдээ дүүргийн аваргад гурван, нэрэмжит тэмцээнд нэг тамирчинг ялсан. Амжилт гэвэл тэр л юм даа.

-Та “Алтайн барс” клубт дасгалжуулагчаар долоон жил ажилласан юм билээ. Дараа нь хаана, хаана ажиллав?

-Тэндээс гарсныхаа дараа Жаргалсайхан ахын байгуулсан дэвжээнд нэг жил ажилласан. Тэгээд Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын дунд сургуульд ажиллаж байгаад оюутны шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдсон. Тэнд нэг жил ажиллан, 2013 онд гарснаасаа хойш өөр газарт харьяалагдаагүй.

ЦАЛИНГҮЙ АЖИЛЛАЖ ЯВААДАА ШАНТРАН, СПОРТООС ЗУРГААН САР ХӨНДИЙРЧ БАЙЛАА

-Зургаан жил цалингүй ажиллана гэдэг урт хугацаа. Өнгөрсөн хугацаанд шантарч, өөр ажил хийх талаар бодож байв уу?

-Юуг нь нуух вэ, тэгж бодож байсан. 2015 онд шантраад дасгалжуулагчаар ажиллахаа болихоор шийдсэн юм. Тэгээд бүр АНУ-д зургаан сар амьдарсан шүү дээ. Би чөлөөт бөхгүйгээр, шавь наргүйгээр амьдарч чадахгүйгээ тэгэхэд ухаарсан. Нээрэн надад бүхнийг дахиад эхлэхэд их урам өгсөн нэг зүйл бий. Намайг дасгалжуулагчаар дахин ажиллаж эхэлсний дараа Д.Дагвадорж аварга биднийг Японд хамтарсан бэлтгэл хийлгэсэн юм. Тэнд би шавь нартайгаа хамт очсон юм. Бид Японы шигшээ багийн тамирчидтай 14 хоног бэлтгэл хийсэн гээд бод доо. Гоё байгаа биз. Тэд бэлтгэлээ Д.Дагвадорж аваргын хүсэлтээр зөвхөн бидэнд зориулж хийсэн гэнэ лээ.

-Одоо энд, тэндээс таныг дасгалжуулагчаар ажиллуулах санал хэр их ирдэг вэ?

-Мэдээж тэгвэл дуртайяа зөвшөөрнө. Хүчний байгууллагад ч юм уу дасгалжуулагчаар ажиллах бодол бий. Одоохондоо тийм замын үүд нээгдээгүй л байна. Удахгүй сайхан мэдээ сонсох байх аа.

-Удахгүй шинэ жил болох гэж байна. Шавь нарынхаа 2019 онд гаргасан амжилтад та ямар дүн тавих вэ?

-Мэдээж сэтгэл хангалуун байна. Энэ жил залуучуудын Азийн АШТ-д хоёр шавь (Н.Анударь, Б.Энхцэцэг) минь оролцоод хоёулаа мөнгөн медаль хүртсэн. Тэд тус тэмцээнээс өнгөрсөн жил хүрэл медаль хүртсэн амжилтаа хоёулаа ахиуллаа. Мөн тэд залуучуудын ДАШТ-д зодоглоод Н.Анударь мөнгөн медаль хүртэн, Б.Энхцэцэг VIII байрт шалгарсан. Энэ жил насанд хүрэгчдийн УАШТ-д эгч, дүү хоёр (Б.Энхзул, Б.Энхцэцэг) шавь минь нэг жинд барилдаад хоёулаа хүрэл медаль авч, Н.Анударь, Энхтүвшин хоёр V байрт шалгарсан. Дөрвөн шавь минь бүгд медалийн төлөө барилдлаа. Мөн Н.Анударь 23 хүртэлх насны ангиллын ДАШТ-ээс хүрэл медаль авсан. Шавь нар маань өөр олон улсын тэмцээнүүдэд зөндөө амжилт гаргасаан.

Бид АНУ-ын охидын нэг клубтэй хамтарч ажилладаг юм. Тус клубийн эзэн Чад Вандавер найз минь биднийг улсдаа урин, тэмцээн, бэлтгэлийн зардлыг даадаг. Бас биднийг АНУ-д очиход бүх талаар тусалдаг, тэнд амьдардаг миний үеийн Баясаа, Батзориг, Тулгаа, шүүгч Молом нарын олон сайхан залуус бий. Сая Нью-Йорк хотод тэмцээнд оролцоход тэд үнэхээр их тусалсан. Спортод элэгтэй, хайртай тэдэнд баярлаж явдаг.

Би нэг зүйлд өөрөөрөө бахархдаг. 2007 оноос хойш өнөөг хүртэл өсвөр үеийн Азийн АШТ-д Монголын багийг тасралтгүй дасгалжуулсан. Ахлах дасгалжуулагчаар оролцоод Азийн аваргаас цом хүртэх мөрөөдөл минь 2015 онд биелсэн юм. Түүнийгээ гурван жил дараалан баталж, хамгийн сүүлд мөнгөн цом өргөлөө. Би  2007 онд Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр ахын туслах дасгалжуулагчаар өсвөр үеийн Азийн АШТ-д анх явж байлаа. Олон улсын тэмцээнд шавиа анх удаа дасгалжуулсан маань тэр. Тэгэхэд миний шавь Мөнхболд түрүүлсэн. Шавь нарийн минь анхны амжилт Азийн АШТ-ий алтан медалиар эхэлсэнд бэлгэшээж явдаг.

-Ойрын хугацаанд ямар тэмцээнд оролцох вэ?

-2020 оны эхэнд насанд хүрэгчдийн УАШТ-тэй. Тус тэмцээнд дөрвөн шавиа сойно. Нээрэн бидний УАШТ-ий 14 хоногийн байр, хоолны мөнгийг  МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Гансүх ах даахаар болсонд нь их баярлаж байна. Олонд тустай, дэмтэй, зөв бодолтой явахыг л би хичээдэг. Олонтой явах ёстой сайхан шүү.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Nergui Altain bars
Nergui Altain bars
2019-12-12 10:57

Ene hund ugdug umiig n ugchmuur umdaa huuhed bhd l yvj bsn bi barag odoo uvgun bolloo unuuh maani avtobusnii munggui alhaj yvaa l haragddag yaltaich bulee dee sohor darga nar neg un boddogguin um bhdaa shan bair belgelched yu bolohgui gej ystoi l 2 gui setgeleer Khalaistaas olon jil ordon ruu alhaj bga daa

Eh oron
Eh oron
2019-12-12 13:53

yamar saihan yum unshvaa bi

Мига
Мига
2019-12-23 15:26

Чука мундаг шүү хичээгээрэй юм сайхан болно.

зочин
зочин
2019-12-23 15:27

Чука мундаг шүү хичээгээрэй юм сайхан болно.

BAT-ORKHON
BAT-ORKHON
2020-02-21 09:51

ene hunii utasiig yaj oloh wee. Zuwulguu awah gesen yum. Medeh hun baival tuslaach

irgen
irgen
2021-11-17 16:35

saihan setgeltei bairiin aytaihan eyreg hun bna aa, harvaas

Холбоотой мэдээ

Back to top button