Top StoriesЯрилцлага

Ж.Оргих: Хангайг 8-р ангидаа 50 кг төмс өргөөд жишимгүй алхахад нь л бяртай гэдгийг нь мэдсэн

Монгол Улсын аварга тариаланч Ж.Оргих гуай Ховд аймгийн Буянт суманд газар тариалан эрхлэн амьдардаг. Тэрбээр ХААИС-ийг агрономич мэргэжлээр төгсөж Ховд аймагт томилогдох болсноор өдгөө 30 гаруй жил Ховд нутагтаа айл болж суурьшжээ. Энэ айлынх гурван охин нэг хүүтэй. Агрономич аавынхаа ажилд туслахаар долоон настайгаасаа газар тариалан эрхэлсэн жаахан хүү өнөөдрийн Монгол Улсын аварга Оргихын Хангай билээ.

Аваргын аав Ж.Оргих гуай бараг л жил өнжилгүй Улаанбаатар хотод ирж, ногоочдын үзэсгэлэн худалдаанд оролцдог уламжлалаараа энэ жил ч мөн тариалсан ургацаа худалдаалахаар Нийслэлд иржээ. Иймд бид “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэнг зорьж ирээдүй цагийг эзэлсэн их аварга О.Хангайн аав Ж.Оргихтой хэдэн хором ярилцлаа.

Зургийг Б.Мягмарбаяр

-Таны ганц хүү Үндэсний бөхийн спортоор хичээллэж эхэлсэн үеийг та эргээд дурсаач. Аварга маань багадаа ямар хүүхэд байсан бэ?

-Манай Хангай ХААИС-д суралцдаг байсан үе. Гуравдугаар дамжаагаа төгсдөг хавраа анх үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн. Хотод хүү маань миний бага дүү Алтанбаганынд суудаг байлаа. Нэг удаа тэр хоёр нэлээд их хүчний ажил хийж л дээ. Ажил хийж байхдаа дүү маань Хангайг бяр тэнхээтэй юм байна гэж анзаараад хоёул ярилцсан байгаа юм. Алтанбагана “За дүү минь ах нь чамд бөхийн зодог шуудаг, гутал авч өгье. Чи аяар малгайгаа аваад өмчинө биз. Эсвэл ааваараа авхуулаарай” гэж. Тэгж л Хангай барилдаж эхэлсэн. Хангай маань багаасаа хичээлдээ ч сайн. Надад их тустай. Ер санаа зовоодоггүй. Арван жилдээ онц суралцдаг байлаа. Гэтэл төгсөх шалгалтдаа жаахан муу оноо авчихдаг юм байна. Тэгсэн ээж нь сандраад “чи ХААИС төгссөн хүн. Танил байна уу. Хүүхдээ сургуульд оруул” гээд. Тэгээд Хангай маань ХААИС-д орсон юм.

Хангай надад тусална гээд өдөр бүр талбайд ажиллана. Өглөө нар гараагүй байхад дуудахад нүдээ ч нухалгүй босоод ирдэг байсан

-Хангай аваргыг бүгд бөх хүн гэдгээр нь л мэднэ. Харин та түүнийг хүү, ах хүн гэдгээр нь мэднэ. Аварга маань ямар хүү, ямар ах вэ?

-Би өөрөө агрономич мэргэжилтэй. Насаараа газар шорооны ажилтай ноцолдож явна. Хангай ганц хүү минь болохоор аавдаа түшиг болох гээд долоон настайгаасаа газар тариалан дээр ажилласан. Өглөө үүр цайгаагүй байхад “босоорой миний хүү” гэхэд нүдээ ч нухалгүй босож ирээд надтай ажилд гарна. Өдөржингөө талбай дээр өнжинө. Одоо хүү маань “таныг дагаж газар тариаланд ажилладаг байсан үе сайн суурь бэлтгэл болж, намайг бөх болоход тус болсон” гэдэг. Тариалангийн талбай хүүг маань өглөө эрт босгож сургасан. Хүү минь өдөр болгон эрт босоод аавтайгаа хамт талбайд өнждөг байсан. Хангай надад их түшигтэй. Гурван дүүдээ бол бүр амь. Тэдэндээ халамжтай сайн ах. 

Хангай аль аль талаасаа бөхийн удамтай. Ховд нутгаас түрүүлсэн хоёр бөхийн нэг ээжийнх нь талын хамаатан

-Хүү нь бөх рүү орлоо гэхээр таны хувьд хэрхэн хүлээж авсан бэ? Танайх бөхийн удамтай айл уу?

-Хүүгээ бяртай гэдгийг мэдэж байсан болохоор надад бол барилдуулах сонирхол байсан. Дээрээс нь манайх аль аль талаасаа бөхийн удамтай. Миний талаас Дархан аварга Батсуурь байна. Ээжийнх нь талаас Улсын хурц арслан Бандихүү гэж хүн байдаг. 1940 оны түрүү бөх. Хангай болохоор 2022 оны түрүү бөх. Ховд аймаг улсын наадмаас хоёрхон түрүүтэй. Тэр түрүүг нь ах дүү нар авчхаад байгаа юм.

-Хүүгээ бяртай гэдгийг мэдэж байсан гэлээ. Хад чулуу өргөж, бяр тэнхээгээ гайхуулсан бөхчүүдийн бяр домог яриа байдаг даа. Хангай аваргын хувьд юу өргөж яваад таны нүдэнд анзаарагдав?

-Би Хангайг бяртай гэдгийг нь 8-р ангид байхад нь анх мэдсэн юм. Нэг удаа гэрийнхээ гадаа төмс ачиж ирээд, гэртээ орж цай уучхаад эргээд гараад очсон Хангай 50 кг-ын ууттай төмсийг давхарлачихсан жишимгүй үүрээд явж байсан. Тэрийг хараад би хүү маань их тэнхээтэй байх нь гэж бодоод “10-р анги төгсгөөд бөхийн сургуульд өгье” гэсэн манай хүн эсэргүүцээд ганц хүү минь боловсролтой хүн болгон гээд их сургуульд оруулсан. Хангай 2011 онд ХААИС-ийг Газар зохион байгуулалтын мэргэжлээр төгссөн.

Зургийг Б.Мягмарбаяр

Дүү маань Хангайг "бөх болоорой" гэж бэлэглэсэн зодог, шуудаг, гутлыг өмсөөд ямар ч бэлтгэлгүй сумынхаа наадамд барилдаж начин болсон

-Анх Хангай аварга сумынхаа наадамд бэлтгэлгүй барилдаж начин цол хүртсэн гэдэг. Нөгөө ах нь зодог шуудаг бэлэглэсэн болохоор шууд барилдаж эхэлж байгаа нь тэр үү?

-Үнэн шүү. Яг тэгж л эхэлсэн. Хангай сумынхаа наадамд нөгөө миний дүү, хамт амьдардаг ахынхаа бэлэглэсэн зодог шуудгийг өмсөөд барилдсан. Өмнө нь өөр барилдаанд орж үзээгүй. Бэлтгэл ч хийгээгүй явж ороод начин болчихсон. Дараа нь Мөнххайрханд очиж барилдаад Сумын заан авсан. Дараа жил нь Сумын заанаас шууд Аймгийн заан болоод дараа жил нь Аймгийн арслан болсон.

Хүү маань Сар шинийн барилдаанд үзүүрлэдэг жил зочилсон айл болгон бараг золгохоосоо өмнө Хангайг ярьж байсан

-Хангай аварга 10 гаруй жил тасралтгүй барилдлаа. Аль үеэс нь та хүүгээ үндэсний бөхөд үнэнхүү авьяастайг олж харав?

-Хангай аймгийн арслан болчхоод цагаан сарын наадмаар нэг их мундаг барилдав даа. Улсын гарьд Дамбын Рагчаатай. Тэр барилдааныг үзээд за энэ ерөөсөө их мундаг бөх болох юм байна гэж бодсон. Тэр үеэр хүмүүс ч Хангай Хангай гэдэг болсон. 10 гаруй жил барилдахдаа Хангай зааланд барилдсан барилдаанаас 37 түрүү хүртсэн. Одоо барилдаж байгаа бөхчүүдээс хамгийн олон түрүү хүртсэн нь миний хүү болоод байгаа.

-2013 онд аварга маань төрөлх нутаг Ховд аймгийнхаа баяр наадамд түрүүлсэн шүү дээ. Төрүүлж өсгөсөн хүү нь нутагтаа тэргүүлэх мөчид та хоёрт нь ямар мэдрэмж төрж байв?

-Аймгийнхаа наадамд түрүүлэхэд нь нэг их юм бодоогүй. Тэр үед Хангай угаасаа мундаг болчихсон байсан. Харин үзүүрлэж Аймгийн заан болоход нь ёстой маш их баярласан. Би чинь Хангайг үзүүрлэлээ гээд ах дүү, найзуудаа урьж цайллага хийж байлаа. Харин дараа нь Арслан болоход нь миний хүү угаасаа чадна гэж бодсон болохоор нэг их ач холбогдож өгөөгүй. Бас цагаан сараар үзүүрлэхэд нь бид маш их ач холбогдол өгч байсан. Орсон айл болгон л золгохоосоо өмнө Хангайг ярьж байсан. Миний хүү чинь аймгийн цолтой байхдаа Сар шинийн барилдаанд хоёр удаа үзүүрлэсэн шүү дээ. Улсын бага наадам гэж яриад байгаа Сар шинийн барилдаандаа аймгийн цолтой бөх хоёр удаа үзүүрлэсэн тохиолдол байдаггүй. Хүү минь Сар шинийн барилдаанд л түрүү авч үзээгүй явж байгаад түрүү жил авсан.

Хүү минь аварга болчихлоо гэдэгт шууд итгэж чаддаггүй юм байна лээ. Маргааш нь өргөмжлөл, тэмдгийг нь харж, уншиж байгаад гэнэт итгэх шиг болсон

-Хүү нь Улсын аварга боллоо. Талбай руу, хүү рүүгээ гүйх гэж яарч бас хүлээцтэй байх гэж тэвчиж байгаа харагдсан?

-Нэг наадмын өмнөх өдөр бид хоёр машинд явж байгаад би Хангайд “миний хүү хүмүүс сайн барилдчихаад гүйж, үсэрч харайгаад байдаг даа. Тэгж болохгүй шүү. Сэтгэл хөдлөлөө бариарай” гэж захисан. Миний хэлж байсан үг ч нөлөөлсөн байх Хангай заан  болоод ерөөсөө илүү хөдөлгөөн хийгээгүй. Арслан болохдоо ч маш тайван байсан. Харин аварга болохдоо нэг гоё үсэрч байгаа харагдсан. Аварга болоход нь цэнгэлдэхэд би үзээд сууж байсан. Хангай давсны дараа хүмүүс хүү дээрээ оч гээд бараг түлхэж гаргах нь холгүй болж байхад хажууд Улсын начин Д.Адьяахүү сууж байсан. Тэр надад “Оргих ах аа та одоо хүү рүүгээ очоод хэрэггүй. Бөх нь өөрөө гүйж тугаа тойрч амжаагүй байхад нь талбайд гүйж гарах онцгүй харагддаг юм аа” гэсэн. Тэр үг надад их нөлөөлж би их хүлээцтэй зогссон. Тэгж байтал Хангай гүйж ирээд надад нэг үнсүүлж, намайг нэг өргөчхөөд багш руугаа гүйгээд алга болсон.

Зургийг Б.Мягмарбаяр

Гэхдээ итгэдэггүй юм байна лээ. Улсын наадмын түрүү, үзүүрийн бөхөө төрийн гурван өндөрлөг шууд хүлээн авч уулзана гээд дараа нь Ховдынхон авч яваад хүүгээ аварга болсны дараа би тухтай уулзаж чадалгүй шөнөжин явсан. Өглөө нь 06:00 цагийн үед хүүгийндээ ороод хоол идэж, жаахан амарчхаад босоод шагнуулсан тэмтдэгийг нь харж, аварга гэсэн өргөмжлөлийг нь уншиж нэлээд харж сууж байж итгэсэн. Оройноос хойш бүтэн шөнөжин итгэлгүй явсаар өглөө нь бүх юмыг нь үзэж хараад за миний хүү аварга болсон байна гэж бодсон доо.

-Бөхийн бэлтгэл жил үргэлжилдэг. Өөр ажилд сатаарах зав хомс байдаг байх. Өнгөрсөн 10 гаруй жил та бүхэн аваргын ар талын дааж явсан гэсэн үг. Үүнийг дагасан сайхан зүйлс маш их байлаа. Харин хэцүү нь юу байв?

-Хэцүү зүйл ер нь байгаагүй. Хангай идэш хэрэгтэй үед л нэг ярина. Бид хэд янзлаад автобусанд тавиад явуулчихна. Өөрөө л өөрийнхөө бэлтгэлийг ч болгоод л эхнэр хүүхдээ ч тэжээгээд амьдардаг хүн. Над дээр ялангуяа бараг ачаалал ирээгүй. Хангай өөрөө хурдан цолонд хүрээд явчихсан болохоор хэдий олон жил барилдсан ч бэлтгэл сургуулилт гэж бидэнд нэг их ачаалал өгч байгаагүй. Өөрөө л бүх юм аа зохицуулаад амьдраад байдаг хүүхэд дээ.

Наадмаар Оргихын Хангай гэж дуудуулах болгонд би найзууддаа "хэний Хангай" гэнэ үү гэж онгирно оо бас

-Улсын их баяр наадмаа цэнгэлдэхэд ирж үздэг үү. Жил бүрийн наадмаар Оргихын Хангай хэмээн өөрийн нэрээ дуудуулах, түүнийг сонсох мэдрэмж ямар вэ? 

-Хүүгээ аварга болсноос нь хойш жил бүр хотод ирж улсын баяр наадам үзэж байгаа. Оргихын Хангай гээд дуудахад их л сайхан байдаг. Заримдаа найзуудаараа тоглоод “Энэ одоо хэний Хангай гээд дуудаад байна” гэхээр найзууд маань “Энэ ёстой балайрч өгч байна аа” гэдэг. Гэхдээ нөгөөдүүлээ хөгжөөх гэж л тэгж байгаа юм л даа. Ер нь Оргихын Хангай гээд улсын баяр наадмаар дуудуулахыг сонсох их гоё мэдрэмж. Нэр дуудах болгонд нэг тийм сайхан мэдрэмж төрдөг.

-Хүү нь аварга болсны дараа хүмүүс мэдээж өмнөх шиг ээ мэндлээд зөрөхгүй байх. Яаж өөрчлөгдөв?

-Одоо хүмүүс ер нь мэддэг болчихсон байна лээ. Хүмүүс “энэ нөгөө Хангай аваргын аав явж байна” гэж хоорондоо ярьж байгаа нь сонсогддог. Бас хүмүүсийн хандлага их өөр болчихдог юм байна. Аваргын аав гэхээр тэгдэг юм уу мэдэхгүй. Хүмүүс “ахаа” гээд л их хүндэлнэ. Заримдаа таараад “нэг зургаа авхуулчихъя” гэнэ. Би ч надтай юугаа хийдэг юм. Хангайтай авхуулаа л гэнэ. Айлд ороход ч гэрийн эзэд нь “аваргын аав дээшээ суу” гээд жигтэйхэн хүндэлнэ. Яах араггүй Монголчууд бөхдөө хайртай болохоор хүндлэл нь надад хүртэл ингэж хүрч байна л гэж хардаг.

Зургийг Б.Мягмарбаяр

Агрономич хүний хувьд ногоо тарихаас гадна. Ногоочдодоо бас анхаарч ажиллана

-Таны хувьд хэдэн жил газар тариалан эрхэлж байна?

-Би 36 орчим жил ногоо тариалж байна. 2007 онд Улсын тэргүүний тариаланч гэх цол тэмдгээр шагнуулж байсан. Манайх Буянт сумандаа газартай. Тэндээ ногоогоо тарьдаг. Бас агрономич гэдэг утгаараа ногоочдод ногооны үр их гаргаж өгдөг байсан. Үр маш чухал шүү дээ. Үр сайн байж ногоо сайн ургадаг. Ер нь өнгөрсөн жилүүдэд ногоочдынхоо үр тарианых нь асуудлыг шийдэж өгөх олон ажил бодож, хэрэгжүүлж ирсэн.

-Хэдий хэмжээний ургац хураадаг вэ. Хэд дахь жилдээ Улаанбаатарт худалдаалахаар ирж байна?

-Ногооны үзэсгэлэн худалдаанд олон ирж байгаа. Би ирэх болгондоо шагнал авдаг. Жил болгон л “Шилдэг ногоочин” гээд янз бүрийн шагнал авна. Зарим шагналынхаа нэрийг одоо сайн санахгүй юм.  Өнгөрсөн жил бас надад шагнал өгнө гэхээр нь “Би шагнал авахгүй. Хөгшин хүнд шагнал хэрэггүй” гээд хажууд худалдаа эрхэлж байсан Ховдын мундаг хөдөлмөрч хоёр ногоочин залуустаа өгүүлсэн. Би өөрөө агрономич учраас ногоочдоо ажиглаж байгаад юу дутагдаж байна түүнийг нь зохицуулаад өгчих юм сан гэж боддог хүн. “Их булаг” гээд ногоочдын холбоо Улаанбаатарт байдаг. Тэр холбооны салбар нь Ховдод нээгдэж, тэргүүнээр нь  би ажиллаж байгаа. Манай аймаг 3200 бүртгэлтэй ногоочинтой. Түүнээс 600 нь манай холбооны гишүүн. Одоо энэ үзэсгэлэн худалдаанд ч бас дандаа манай холбооны хүмүүс ирсэн байгаа.

Хүүхдүүд маань "та ядарлаа одоо боль" гэдэг. Гэхдээ би зүгээр сууж чадахгүй хүн

-Хүүхдүүдээс нь таны мэргэжлийн өвлөсөн хүн бий юу?

-Манайд ерөөсөө тийм хүүхэд байхгүй. Одоо харин манай хүүхдүүд “аав та ганцаараа ядарчихна” гээд тал талаас яриад ажил хийлгэдэггүй. Хангай хүртэл тэгж байгаа. Би хариуд нь хүүхдүүддээ “Хүн хөшиж үхдэгээс хөгширч үхдэггүй юм шүү” гээд л яваад байгаа. Тэрнээс хойш хүүхдүүд маань үг хаяхаа больсон.

Зургийг Б.Мягмарбаяр

Энэ чинь ганц газар шорооны ажил хийхдээ биш ногоочдодоо бас нэмэртэй байх үүднээс үргэлжлүүлж буй миний ажил. Ховдын ногоочид маань энд ирж, үр тариа авна гэж бас нэлээд их ажил болдог. Тэрийг шийдвэрлэх үүднээс би Улаанбаатараас яг Ховдод хэрэгтэй үр тариаг олж очдог. Энэ ажлаа томруулж үр тарианы дэлгүүр нээсэн. Тариаланчид маань хот явалгүй манайхаас үрээ авчихна. Боломжтойн худалдаж аваад арай боломжгүй байгаад нь ургацаа хураагаад өгөөрэй гээд явуулчихна. Ногоочдод бэрхшээлтэй зүйлс юу байна түүнийг нь л зохицуулах, илүүтэй амар болгох үүднээс ажиллаж явна даа ах нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зон
Зон
2024-09-28 10:53

Гоё

Зочин
Зочин
2024-09-28 11:30

Хөдөлмөрч хүн юм. Хөдөлмөрлөснийхөө үрээр сайн сайхан амьдарч яваа хүн юм байна. Бас амиа бодолгүй бусдын төлөө гэсэн зүтгэл, сэтгэл нь сайхан санагдлаа. Оргих нэр шигээ оргилсон их ажил үйлс, амжилттай яваа хүн байна.

Зочин
Зочин
2024-09-28 11:47

Сайн юмаа.

Зочин
Зочин
2024-09-28 13:09

Сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Зочин
Зочин
2024-09-28 13:48

Оргилоод Баярлуулдаг хүн гэжүгаа биз, хамгийн гол нь үр дүн их сайн бна. Баяр хүргэе !

Зочин
Зочин
2024-09-28 14:24

Мундаг юм аа з�##�уус бидэнд сур�##�цах зүйл их байна даа

Зочин
Зочин
2024-09-28 21:12

Хангай сайн ч бөх , сайхан ч хүү харагддаг . Ер нь хүн чанар дотроосоо илүү , гаднаасаа харагддаг юм ш дээ ...

Зочин
Зочин
2024-09-29 00:42

Ёстой энгийн сайхан аав хүн байнаа энэ Оргих гуай. За ер нь энэ ногоочид гэдэг чинь ясны хөдөлмөрч хүмүүс дээ. Хангай аварга маань ч хөөрхөн нуруутай шүү.

Bujin
Bujin
2024-09-29 04:03

Saihan aav, huu 2 t eruul enkhiig husie!

Зочин
Зочин
2024-09-30 10:17

Saihan boh sain aaviin huu

Сар
Сар
2024-09-30 18:33

Манай ангийн охидууд 9,10-р ангид бхдаа намрын ажил дээр шуудайтай төмс үүрдэг л бсанш дээ

Зочин
Зочин
2024-10-04 13:39

1

Kkk
Kkk
2024-10-05 05:19

Setguulch ps#a n Banchinhuu Arslan Bandihuu hu geedl chaajiina .

Холбоотой мэдээ

Back to top button