Сурвалжилга: Азүмарюү С.Тодбилэгийн сүмогийн дэвжээн дэх сүүлийн барилдаан
Өнгөрсөн бямба гарагт (2024.09.28) Япон улсын Токио хот дахь “Рёогокү Кокүгикан” ордонд Японы мэргэжлийн сүмочдын нэг Азүмарюү С.Тодбилэгийн зодог тайлах ёслол боллоо. Зодог тайлах ёслолд Ояаката Таманои, Монгол улсын хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин японы мэргэжлийн сүмогийн 69 дахь аварга Хакүхо шёо, Киришима Б.Лхагвасүрэн тэргүүтэй сүмогийн спортын олон алдартай зочид төлөөлөгчдөөс гадна сүмогийн дэвжээний “ояоката” тэргүүтэй 250 гаруй хүндэт зочид төлөөлөгчид, сүмо сонирхогчид ирж оролцсон юм.
Азүмарюү С.Тодбилэг нь ийнхүү 36 насандаа, 15 жилийн дараа зодог тайлж буй бөгөөд өнгөрсөн хугацаанд 55 башёд барилдахдаа 314 ялж, 273 удаа ялагджээ. Түүний хувьд 2014 онд барилдааны үеэр гурван шөрмөс нь тасарч, өвдгөндөө хүнд бэртэл авснаас алхаж ч чадахгүйд хүрч сүмогийн ордноос түрдэг тэргэнд сууж гарч байсан удаатай. Цаашид барилдах нь бүү хэл, алхаж чадах үгүй нь тодорхойгүй энэ үедээ тэр макүүшта хүртэл зиндаа буусан ч зөвхөн нэг хөлдөө ачаалал авах бэлтгэл тасралтгүй хийсээр 2015 онд жүрёод эргэн ирж олны бахархлыг төрүүлж байв. Харин өнгөрсөн 11 сарын тэмцээний эхний өдөр тэрбээр ахин нэг хөлөө гэмтээсэн тул болзошгүй эрсдэлээс сэргийлэн зодог тайлах шийдвэр гаргажээ.
“Зүүний хүчит луу” буюу Азүмарюү С.Тодбилэгийн зодог тайлах ёслол үзэгч зочдодоо сүмогийн их спортын соёл, дэг жаягийг таниулан мэдүүлэх баялаг арга хэмжээнүүдээр дүүрэн болж өнгөрлөө. Тухайлбал, сүмогийн үс засах “Чёнмагэ” ёсонг монгол болон япон тайлбартайгаар үзэгчдэд хийж танилцуулахын зэрэгцээ, сүмо эхлэхээс 30 минутын өмнө Сүмогийн ордны гадаа дэлддэг мөн, сүмо өндөрлөсний дараа үзэгчдийг “Маргааш ахин ирж хөгжилдөхийг урьсан” утга бүхий бөмбөрийн тоглолтыг сүмогийн ордон дахь дэвжээнээ дэлгэн үзүүлэв. Түүнчлэн Азүмарюү С.Тодбилэгийн амьдрал замналыг өгүүлсэн сүмогийн магтууг сонирхуулан толилууллаа.
Мөн ёслолын үеэр Азүмарюү С.Тодбилэг олон монгол сумочдын эр бяраа сорин өрсөлддөг дэвжээндээ сүүлийн ёслолоо хийж, дараагаар нь өөрийн 12 настай хүү Т.Оргилуунтай сүүлийн барилдаанаар золголоо. Т.Оргилуун нь Япон улсын бага сургуульд суралцдаг бөгөөд аавынхаа зодог тайлах ёслолд зориулан ийн дэвжээний ёс жаягаас суралцан, өөрийн мавашиг урлуулан зэхжээ. Сүүлийн барилдаанд хүү нулимстай нүдээр аавтайгаа барилдан ялснаар энэ удаагийн барилдаан өндөрлөлөө.
Мөн ёслолын үеэр монгол идээ ундааг япон сүмо сонирхогчдод таниулан сурталчлах зорилгоор “Нутаг”, “Чимэг амт”, “Их Монгол”, “Эрна”, “Яруу” зэрэг япон улсад монгол хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газруудтай хамтран ажилласан байв.
Тэрбээр үс засах ёслолын дараа “Ийм олон хүн ирсэнд үнэхээр их баярлаж байна. Цаашид Япон Монголын соёлын гүүр болохыг хүсэж байна” хэмээн өөрийн гүн хүндэт дэвжээнээ сүүлийн үгээ хэлээд буулаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.