Ромын урлагийн үндэсний музейн захирал Ф.Стокки Монголд мастеркласс хичээл заана
Италийн Ром хотоос XXI зууны урлагийн үндэсний музейн захирал, куратор Франческо Стокки Монголд ирээд байна. Түүний хувьд өнөөдөр /2024.10.03/ Монголын уран зургийн галерейд мастеркласс хичээл заахаар болжээ.
Ф.Стокки нь Италидаа төдийгүй дэлхийн олон орны музей, галерейд куратороор уригдаж байснаас гадна 2022 оны 59 дэх Венецийн биенналед Швейцарын павильонд, 2007 оны 52 дахь биенналед хамтарсан үзэсгэлэнгийн куратороор ажилласан туршлагатай. Мөн судалгааны бүтээлүүдээ 2007 оноос хойш тасралтгүй хэвлэн нийтэлж байгаа юм.
Түүний ажиллуулдаг XXI зууны урлагийн үндэсний музей нь урлагийн боловсролын олон төрлийн хөтөлбөртэй бөгөөд архитектурын шийдлээрээ дэлхийд алдартай. Куратор гэдэг нь урлагийн бүтээлийн үнэ цэнийг тодорхойлоход туслах, үзэгчдэд уран бүтээлчийн санааг зөв тайлбарлах, үзэсгэлэнгийн танхимд дэлгэн үзүүлэх шийдэл, агуулгыг академик түвшинд боловсруулж, хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтад хяналт тавьдаг мэргэжилтэн юм.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.