Нобелийн шагнал: Генийн үйл ажиллагаа хэрхэн зохицуулагддаг үндсэн зарчмыг нээсэн хоёр эрдэмтэн хүртлээ

Жил бүрийн өдийд салбар салбарын Нобелийн шагналтнууд тодордог билээ. Энэ жил Каролинскийн хүрээлэнгийн Нобелийн ассамблей 2024 оны Физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг Виктор Амброс, Гари Рувкун нарт микроРНХ-ийг нээсэн, түүний транскрипцийн дараах генийн зохицуулалтад гүйцэтгэсэн үүргийн төлөө энэхүү шагналыг тэдэнд олгохоор шийдвэрлэлээ.
Энэ удаагийн Нобелийн шагнал нь генийн үйл ажиллагаа хэрхэн зохицуулагддаг үндсэн зарчмыг нээсэн хоёр эрдэмтэнд ийнхүү очиж байна. 1993 онд тэд уг үр дүнгээ нийтлэсэн боловч шинжлэх ухааны салбарынхны дунд нам гүмхэн өнгөрсөн байна. Хэдийгээр үр дүн нь тун сонирхолтой байсан ч генийн энэхүү ер бусын механизм нь хүн болон бусад олон амьтдад төдийлөн хамааралгүй гэж үзжээ. 2000 онд Рувкуны багийнхан өөр нэг микроРНХ-ийг олж анзаарсан бөгөөд уг нээлтээ нийтлэсэн нь олон нийтийн анхаарлыг татсан байна. Хүнд ч мөн олон янзын мянга гаруй микроРНХ байгааг, олон эст организмд ч мөн уг генийн зохицуулалтын механизм байдгийг олж мэдэж чадсан юм. Өөрөөр хэлбэл нэг микроРНХ нь олон янзын генийн илэрхийллийг зохицуулж чадах төдийгүй нэг генийг олон микроРНХ-р зэрэг зохицуулж болдог байна.

Бидний хромосомд хадгалагдаж буй мэдээллийг бидний биеийн бүх эсүүдэд зориулсан зааварчилгааны гарын авлагатай зүйрлэж болно. Эс бүр ижил хромосом агуулдаг тул эс бүр яг ижил ген, яг ижил зааврыг агуулдаг гэсэн үг. Гэсэн хэдий ч булчин, мэдрэлийн эс гэх мэт өөр өөр төрлийн эсүүд нь маш ялгаатай шинж чанарта. Эдгээр ялгаа хэрхэн үүсдэг вэ? Хариулт нь генийн зохицуулалтад оршдог бөгөөд энэ нь эс бүрт зөвхөн холбогдох зааврыг сонгох боломжийг олгодог. Ингэснээр хүн төрөлхтөн генийн зааварчилгааг ойлгосноор эсийн шинжийг танин мэдэхэд томоохон түлхэц болох юм. МикроРНХ нь организм хэрхэн хөгжиж, хэрхэн ажилладаг зарчмыг илүү гүнзгий ойлгоход чухал ач холбогдолтой болохыг нотлож буй.
Энэ жилийн Нобелийн шагналыг оролцуулаад түүхэндээ нийт РНХ чиглэлээр тав дахь удаагийн шагналыг олгож байгаа нь энэ билээ. Хамгийн анх 1965 онд РНХ-г нээсний төлөө Нобелийн шагналыг өгч байсан юм.

Эх сурвалж: NobelPrize.org
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.