Ерөнхийлөгчийн Туркменистан дахь айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Туркменистан улс дахь айлчлал өнөөдөр өндөрлөж байна. Хоёр улсын Төрийн тэргүүн нар “Монгол Улс, Туркменистан Улсын харилцаа, хамтын ажиллагааны тухай хамтарсан мэдэгдэл” гаргажээ. Туркменистан- Монголын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд тээвэр, ложистикийн хамтын ажиллагаа нэн чухал гэдэгт санал нэгдэж, айлчлалын хүрээнд агаарын болон олон улсын авто тээврийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг байгууллаа.
Эдгээр баримт бичиг нь зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тээвэр, логистикийн шинэ чиглэлийг бий болгох, улмаар худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлэх юм.
Мөн хөдөө аж ахуйн салбарт хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хүрээнд хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мал аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах тухай баримт бичгүүдийг байгуулж, Монгол, Туркменистаны зах зээлд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн гаралтай бараа бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлэхээр тохиролцжээ. Уг айлчлалын хүрээнд “Монгол-Туркменистаны бизнес уулзалт”-ыг зохион байгуулснаар хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны үндэс суурийг тавьж, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэв. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтад хамтын хувь нэмрээ оруулах үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Туркменистаны ойжуулалт” үндэсний хөтөлбөртэй уялдуулан байгаль орчны салбарт хамтран ажиллахаар боллоо. Түүнчлэн хоёр орон далайд гарцгүй орнуудын хувьд цаашид тулгарч буй тээвэр, ложистик, худалдааны саад, тотгорыг арилгах чиглэлээр олон улсын байгууллагын хүрээнд хамтран ажиллахаар тохирлоо.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.