“Tesla” өөрийгөө жолооддог такси 2026 оноос олон тоогоор үйлдвэрлэнэ

Цахилгаан машины салбар дахь томоохон тоглогч “Tesla” компани өнгөрсөн долоох хоногт “We, Robot” нэртэй хүлээлт үүсгээд байсан үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Тус үйл ажиллагааны үеэр Илон Маск Cybercab нэртэй өөрийгөө жолооддог, хүрд болон дөрөөгүй машин танилцуулсан байна. Үүний дараа тэр 20 хүртэлх хүн тээвэрлэх чадамжтай өөрийгөө жолооддог машин мөн танилцуулсан.
Маскийн хэлснээр Cybercab-ыг “Tesla” 2026 оноос эхлэн олон тоогоор үйлдвэрлэж, 30 мянган ам.доллароос ихгүй үнээр худалдаалах аж. Өмнө нь Маск шинэ загварын автомашин танилцуулаад тэдэн жилийн дараа худалдаанд гаргана гэж хэлж байсан нь хойшилсон түүхтэй. Ийм учир тэрбээр “Tesla” Cybercab-ын үйлдвэрлэлийг хэр хурдан нэмэгдүүлж чадах талаар мэдээлэл өгөөгүй байна.
Шинжээчид болон салбарын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар өөрийгөө жолооддог таксины системийг бий болгоход олон жил шаардлагатай. Үүнд нөлөөлөх гол хүчин зүйл нь аюулгүй болон найдвартай байдлыг хангах юм. Мэргэжилтнүүд осол болон цаг агаарын таагүй байдал, нарийн төвөгтэй уулзвар, явган хүний зан байдал зэрэг зүйлсэд технологи хариу үйлдэл үзүүлэхэд хүндрэлтэй хэвээр байгааг онцолдог.
“We, Robot” үйл ажиллагаа дээрх үзүүлэн дунд “Tesla” компанийн Optimus нэртэй хүн төстэй робот байжээ. Маск тэр роботын тухай ярихдаа “Юуг ч хийж чадна. Энэ робот дээр дөхөж ирэхэд танд уух зүйлээр үйлчилж чадна” гэсэн юм. Тэрбээр Optimus нь нохой салхилуулах, хүүхэд харах, зүлэг тэгшлэх гэх мэт зүйлс хийж чадна хэмээжээ.
Эх сурвалж: Reuters, Business Standard
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.