Зеленский: Украины ялалтын төлөвлөгөөнд НАТО-д элсэх багтсан

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский лхагва гарагт /2024.10.16/ дайн ялах төлөвлөгөөгөө улсынхаа парламентад танилцуулсан юм. Тэрхүү төлөвлөгөөнд НАТО-д ямар нэгэн шалгуургүйгээр элсэх багтана гэж Зеленский хэлжээ. Тэрбээр парламентынхаа өмнө үг хэлэхдээ “Хэрвээ энэхүү ялалтын төлөвлөгөөний дагуу одоо алхам хийж эхэлбэл ирэх жилээс хойшгүйгээр дайныг дуусгах боломжтой” гэсэн юм.
Ийм учир Зеленский өнөөдөр /2024.10.17/ ялалтын төлөвлөгөөгөө НАТО-д болон Европын холбоонд танилцуулах болсон байна. Төлөвлөгөөг танилцуулахдаа тэр НАТО-д Украиныг элсүүлэхийг уриалж, Киевт шинээр зэвсгийн дэмжлэг үзүүлэхийг хүсэх төлөвтэй байгаа юм. Зеленскийн төлөвлөгөөнд АНУ гэх мэт Украины холбоотнууд зөвшөөрөл олгоогүй хэд хэдэн зүйлс байгаа. Тухайлбал НАТО-д элсэх урилга олгох болон барууны зэвсэг ашиглан ОХУ-ын газар нутагт гүн цохилт өгөх гэх мэт.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте лхагва гарагт /2024.10.16/ мэдэгдэл хийхдээ тэрхүү төлөвлөгөө нь Зеленскийгээс өгч буй хүчтэй дохио хэмээжээ. Гэхдээ Рютте “Энэ нь бид төлөвлөгөөг бүхэлд нь дэмжиж байна гэсэн үг биш. Бүхэлд нь дэмжихэд бага зэрэг хүндрэлтэй. Учир нь олон асуудал байна” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters, Al Jazeera
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.