Энэ өвөл төмөр зуд болох эрсдэл ажиглагдаж байна
12,1-р саруудад нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, огцом дулаарч, хүйтрэх байгалийн үзэгдэл олон жилийн дунджаас их ажиглагдаж байгааг Цаг уур орчны шинжилгээний газар /ЦУОШГ/-аас анхаарууллаа.
Байгалийн эл үзэгдэл нь цас их орсон нутагт төмөр зуд нүүрлэх аюултай хэмээн сэрэмжлүүлж байгаа юм.
Төмөр зуд гэдэг нь цаг агаар түр хугацаанд дулаарч тогтсон цасыг хайлуулсны улмаас дараа нь хүйтрэхэд газрын гадарга дээр мөсөн давхарга тогтохыг хэлдэг. Ингэснээр мал өвс идэж чадахгүй өлдөж, улмаар олноороо хорогдох нөхцөл бүрддэг.
2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 1 дүгээр сарын төлөв мэдээллээр
Сарын дундаж агаарын температурын олон жилийн дунджаар арваннэгдүгээр сард Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар -12...-18°C, Хөвсгөлийн уулархаг нутгаар -18...-22°C, Алтайн өвөр говь, говийн бүс нутаг, Дорнодын тал нутгаар -2...-8°C, бусад нутгаар -4...-8°C, арванхоёрдугаар сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуур болон Их нууруудын хотгор, Идэр, Онон голын сав газраар -22...-30°C, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар -10...-16°C, бусад нутгаар -16...-22°C, нэгдүгээр сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -26...-32°С, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар -10...-16°С, бусад нутгаар -17...-25°С хүйтэн байдаг.
Сарын нийлбэр хур тунадас арваннэгдүгээр сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4–8 мм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 0–2 мм, бусад нутгаар 2–4 мм, арванхоёрдугаар сард Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 0–2 мм, бусад нутгаар 3–6 мм, нэгдүгээр сард баруун болон говийн аймгуудын ихэнх нутгаар 0–2 мм, бусад нутгаар 2–4 мм цас ордог байна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.