Гадаад мэдээЭдийн засгийн мэдээ

БНХАУ-ын эдийн засаг гуравдугаар улиралд 2023 оны эхээс хойш үзэгдээгүй бага өслөө

БНХАУ-ын эдийн засаг энэ жилийн гуравдугаар улиралд 2023 оны эхээс хойш үзэгдээгүй бага хэмжээгээр буюу 4.6 хувиар өссөн байна. Өнгөрсөн сард иргэдийн хэрэглээ болон үйлдвэрийн гарц эдийн засагчдын таамаглалыг давсан ч хямралд ороод буй үл хөдлөхийн салбар нь эдийн засгийн өсөлтийг сэргээхэд асуудал хэвээр байгаа юм.

Тодруулбал есдүгээр сард БНХАУ-ын үйлдвэрийн гарц өмнөх жилийн мөн үеэс 5.4 хувиар өсжээ. Харин жижиглэн худалдаа өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.2 хувиар нэмэгдсэн байна. Шинжээчид гарц 4.5 хувь, хэрэглээ 2.5 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолж байсан юм. Эрх баригчид есдүгээр сарын сүүлээр эдийн засгийн өсөлтийг дэмжих мөнгөн дэмжлэгээ эрс нэмэгдүүлсэн. Гэхдээ зах зээл тэрхүү мөнгөн дэмжлэгийн хэмжээний тухай нарийн мэдээлэл болон эдийн засгийг урт хугацааны тогтвортой байдалд оруулах илүү тодорхой замын зураглалыг хүлээж байна.

“JLL” фирмийн ахлах эдийн засагч Брюс Панг “БНХАУ-ын 2024 оны гуравдугаар улирлын эдийн засгийн мэдээлэл нь гэнэтийн томоохон эргэлт биш. Дотоодын эрэлт сул, орон сууцны зах зээл хүндрэл үргэлжилж, экспорт удааширч байгаа нь зах зээлийн таамаглалтай нийцэж байна. Есдүгээр сарын сүүлээр зарласан эдийн засгийг дэмжих багцын нөлөө гарч ирэх улирлуудад үзэгдэхэд цаг хугацаа, тэвчээр шаардагдана” гэжээ.

БНХАУ-ын эрх баригчид энэ жилд эдийн засгаа таван хувиар өсгөнө гэх зорилт тавьсан. Тухайн үед шинжээчид үүнийг амбицтай зорилго гэж үзэж байсан юм. Тэгвэл БНХАУ-ын  албан тушаалтнууд баасан гарагт /2024.10.18/ гуравдугаар улирлын эдийн засгийн тоо үзүүлэлтийг танилцуулсныхаа дараа тэрхүү зорилтод хүрч чадна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн байна.

БНХАУ-ын Үндэсний статистикийн хорооны орлогч дарга Шэн Лайюн “Бидний явуулсан цогц үнэлгээ дээр үндэслэхэд есдүгээр сард ажиглагдсан эдийн засаг тогтворжиж буй чиг хандлага дөрөвдүгээр улиралд үргэлжлэх хандлагатай байна. Энэ жилийн зорилгод хүрнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байна” гэжээ.

Харин эдийн засагчид өөр бодолтой байна. “Reuters” агентлагийн санал асуулга явуулсан эдийн засагчид БНХАУ-ын эдийн засаг энэ онд 4.8 хувиар өснө гэж үзжээ. Өсөлт 2025 онд удааширч 4.5 хүрэх магадлал өндөр гэж тэдгээр шинжээчид мөн үзсэн байна. “Oxford Economics” фирмийн Бэтти Ван “Есдүгээр сард үзэгдсэн хүлээлтээс давсан эдийн засгийн үзүүлэлтүүдийг ач холбогдлыг бууруулж авч үзнэ. Учир нь гэвэл үл хөдлөх хөрөнгийн салбарын бүтэн дэх сул байдал үндсээрээ шийдэгдээгүй байгаа. Саяхан зарласан эдийн засаг дэмжих бодлого ирэх жилийн бууралтын эрсдэлийг багасгаж болох ч бүтцийн уналтаас сэргийлэх магадлал бага” хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button