Өмнө жил эсрэг багийн гомдол, холбооны шийдвэрээр лигээс “хөөгдсөн” Мотоки эргэн ирнэ
Монголын Волейболын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үндэсний дээд лиг эхлэхэд багагүй хугацаа үлдээд байна. Лиг эхлэхийн өмнөх энэ өдрүүдэд багууд бүрэлдэхүүнээ зарлаж, түүний эргэн тойронд сонирхолтой зүйлс өрнөж буй. Үүний нэг нь өмнө жил Монголд анх удаа легионер холбон тоглогчоор ирж байсан Мотоки дахин ирэх болсон шийдвэр. Эргэн сануулбал түүнийг эсрэг багийнх нь тамирчид холбоотойгоо нийлж нутаг буцаасан юм.
Тодруулбал, лигийн хоёрдугаар тойргийн тоглолтууд үргэлжилж байх үед Ховд "Алтайн барс" клубт тоглож байсан түүнийг тоглуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Учир нь тухйан үед эсрэг багийнх нь тамирчид тоглохыг зөвшөөрөөгүй гэдэг агуулгаар лигээс хасаж байв.
Энэ тухайд түүнийг урьж тоглуулсан, Ховд "Алтайн барс" клуб дараах тайлбарыг хийсэн юм.
- Анх тэмцээний удирдамжийг удирдлага болгон тус клубээс нэгдүгээр тойрог дуусахаас өмнө тэмцээн зохион байгуулах хороонд албан бичгээр нөөцөд байгаа легионер тамирчнаа үндсэн тамирчны жагсаалтад оруулах хүсэлт гаргаж Япон улсаас легионер тамирчин авчирсан. Өөрөөр хэлбэл мэдүүлэгт легионер тоглогч гэдгээр орон тоо нь байсан. Иймд Алтайн барс мэдүүлэгт байгаагүй хүнийг анхнаасаа тоглуулах гэж зүтгээгүй гэсэн үг.
- Япон тоглогч хоёр ч удаа тоглолтод хэвийн оролцсон. Гэтэл өрсөлдөгч багийн зүгээс техникийн зөвлөгөөний урьдчилсан уулзалтад нөөц тамирчинд легионер байна гэж ярилцаагүй гэдэг асуудлыг хөндөж, түүнийг тоглуулахгүй гэдэг хүсэлтийг холбоонд өгчээ. Үүний дагуу холбоо шийдвэрээ өөрчилж тоглуулахгүй гэдэг шийдвэрийг гаргасан.
- Урьдчилсан уулзалт гэдэгт тус клубээс дасгалжуулагч болон багийн ахлагч суух боломжгүй байсан бөгөөд тус уулзалтын протокол гэж клубуудэд албан ёсоор хүргэгдээгүй. Мөн дараагийн үндсэн техникийн зөвлөгөөн дээр уг асуудлыг огт дурдаагүй
- Зарчмын хувьд "Алтайн барс" клуб хоёр легионер тоглогчтой. Үүнээс онцолбол анх удаа холбон тоглогч манай лигт ирсэн тохиолдол байсан гэж тайлбарласан. Гэсэн ч тэрбээр нутаг буцсан.
Холбооны уг шийдвэр спорт сонирхогчдын эгдүүцлийг төрүүлж, энэ сэдэв олны анхааралд өртөж байв. Тэгвэл Япон улсын тоглогч, холбогч Мотоки 2024-2025 оны лигт Натур Мед Клубээс тоглохоор гэрээгээ үзэглэжээ.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Японд ажиллаж амьдардаг монголчууд олон. ганц япон ирхээр хөөж явуулах муухай
bagagui gj bichihgui ee baga uldlee gj bichne