Барууны орнууд БНХАУ-ын хүний эрхийн зөрчлийг шүүмжлэв

АНУ, Австрали болон бусад 13 орон мягмар гарагт /2024.10.22/ НҮБ-ын өмнө БНХАУ-ыг Төвөд болон Шинжаанд хүний эрхийг зөрчиж байна гэж шүүмжилжээ. Үүний хариуд БНХАУ Газын зурвас дахь амьдын тамыг барууны орнууд үл хайхардаг гэсэн байна. Нью-Йорк дахь НҮБ-ын байр болон Женев дэх НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд Уйгур болон бусад лалын шашинтнуудын хүний эрхийг БНХАУ зөрчиж байгаа талаарх зөрчилдөөн байнга гардаг болсон.
Хоёр жилийн өмнө НҮБ гаргасан тайлан дээр БНХАУ нь Шинжаан мужид Уйгур болон бусад лалын шашинтнуудыг ялгаварлан гадуурхан баривчилж байгаа нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг байж магадгүй гэх дүгнэлтэд хүрсэн. Мөн тус тайлан Шинжаанд хүний эрхийг ноцтой зөрчсөн хэмээсэн юм. Тэгвэл мягмар гарагт /2024.10.22/ НҮБ-д Австралиас суудаг элчин сайд Жеймс Ларсен “БНХАУ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн олон улсын хүний эрхийн хуулийг мөрдөх үүргээ биелүүлж, НҮБ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэхийг уриалж байна” гэжээ.
Ларсен нэмж хэлэхдээ “Үүнд Шинжаан, Төвөдөд саатуулагдсан бүх хүнийг суллах, сураггүй болсон гэр бүлийн гишүүд нь хаана байгааг яаралтай тодорхой мэдэгдэх зэрэг орно” хэмээсэн юм. Тэгвэл БНХАУ-аас НҮБ-д суудаг элчин сайд Фу Кон барууны орнууд сөргөлдөөнийг өдөөх зорилгоор худал ярьж байна гэжээ. Кон “Хүний эрхийн хороо хамгийн их анхаарал хандуулах ёстой хүний эрхийн асуудал бол Газын зурвасынх юм. Австрали, АНУ болон бусад улс тэрхүү амьдын тамыг ү хайхрахын зэрэгцээ энх тайван, амар амгалан Шинжаан руу дайрч байна” хэмээсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.