Гадаад

Цуврал аллагын сэжигтний ДНХ-г ашиглан 12 хүнийг хөнөөсөн болохыг нь тогтоожээ

АНУ-ын North Aurora-гийн Цагдаагийн газрын дарга “Цуврал алуурчин гэж сэжиглэгдэж байсан Брюс Линдал 1970-аад оны сүүл ба 1980-аад оны эхэн үеийн олон хүн амины хэрэгт холбогдсон нь албан ёсоор тодорхой болсон” хэмээн орон даяар мэдээлэл хийлээ. 1981 онд ээлжит хохирогчоо хөнөөхийг завдаж байх үедээ нас барсан Линдалийн ДНХ-г технологийн сүүлийн үеийн дэвшлийн ачаар 12 хүн амины хэрэгт холбоотой болохыг тогтоосон байна.

Брюс Линдалийн тухай түүх: Иллинойс мужийн Аврорагийн оршин суугч Брюс Линдалыг гаднаас нь харахад эгэл жирийн нэгэн залуу байсан бөгөөд түүнийй амьдрал хүчирхийллээр дүүрэн байсныг мөрдөгчид олж илрүүлжээ. Тэрээр бэлгийн хүчирхийлэл, хүн хулгайлсан, хэрцгийгээр хөнөөсөн түүхтэй цуврал алуурчин. Түүний нэр олон жилийн турш хэд хэдэн хэрцгий хэргүүдтэй холбоотой байсан ч түүнийг амьдад нь хангалттай сайн шалгаж, нотлох баримт цуглуулж чадаагүй аж.

Хэргийн мөрдөн байцаалтын сэжүүр: Түүний үйлдсэн гол хэргийн нэг нь 1976 онд 16 настай Памела Маурерыг хөнөөсөн хэрэг байв. Маурерыг ойролцоох Макдоналдс руу явж байхад нь хулгайлсан бөгөөд маргааш нь түүний цогцсыг олоход хүчирхийлж, боомилж хөнөөсөн аймшигтай дүр зураг мөрдөгчдийг угтсан байна. Хэдэн арван жилийн турш түүний хэрэг шийдэгдээгүй хэвээр байсан бөгөөд 2020 онд мөрдөн байцаагчид олон нийтийн удмын сангийн ДНХ-г ашиглан Линдал гэмт хэрэгт холбогдсон болохыг тогтоосон. Мөн 1979 онд Фокс голоос олдсон 19 настай Кэти Халле охиноос Линдалийн ДНХ нь илэрч аллагатай холбоотой болохыг нотлосон байна.

Бусад хохирогчид: Линдалийн хүчирхийллийн мөр үүгээр зогссонгүй. Тэрээр ор сураггүй алга болсон 16 настай Дебора МакКалл болон өөр олон хэрцгий хэргүүдийн гол сэжигтэн юм. МакКалл 1979 онд ахлах сургуулиа төгссөнийхөө дараа алга болж, эрэн хайгаад ч олдоогүй. Түүний гэрэл зургуудыг гэмт хэрэгтэн Линдалийг нас барсны дараа түүний байрнаас олсон тул эрх баригчид түүнийг хэрэгт холбогдсон байж магадгүй гэж үзэхэд хүрчээ. Өөр нэг батлагдсан хохирогч бол хулгайлагдаж, хүчирхийлэлд өртсөн Дебра Коллиандер бөгөөд Линдалийн гэрээс зугтаж чадсан юм. Тэрээр түүний эсрэг мэдүүлэг өгөхөөр болсон ч шүүх хурлын өмнө учир битүүлгээр алга болжээ. Түүний цогцсыг 1982 онд олсон бөгөөд Линдал түүнийг хөнөөсөн байж болзошгүй хэмээн мөрдөгчид таамаглаж байв.

Линдалийн аймшигт хэргүүдийн төгсгөл: 1981 онд тэрээр 18 настай Чарльз Хубер гэх залуу руу дайрч, олон удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн. Тэмцлийн үеэр Линдал гуяныхаа артерийг санамсаргүйгээр тасалж, их хэмжээний цус алдсанаас болж газар дээрээ нас баржээ.

Хэдийгээр тэрээр бэлгийн хүчирхийлэл болон бусад гэмт хэргээр баривчлагдаж байсан гэмт хэргийн олон түүхтэй ч зальжин овсгоотой байдлаараа болон нотлох баримт дутуу эсвэл хохирогчид алга болсон зэргээс шалтгаалан үргэлж хэргээс мултардаг байв.

Линдал үхсэнээр түүний аймшигт хэргүүдийн төгсгөл болсон боловч түүний гэмт хэрэг хохирогчдын ар гэрийнхнийг хэдэн арван жилийн турш зовоож ирсэн юм. Орчин үеийн технологи, харгис хэрцгий гэмт хэргийг сэрээсэн мөрдөгч нарын тууштай хүчин чармайлтын ачаар гэмт хэрэгтний үйлдсэн олон хэргийг нотлож чаджээ. Хэдийгээр Линдал олон бусармаг үйлдлийнхээ төлөө шүүхийн өмнө хэзээ ч зогсож  ял шийтгэл авж байгаагүй ч эцэст нь шударга ёс ялж буй юм.

Мөрдөн шалгах үйл ажиллагаа үргэлжилсээр байгаа тул шинээр хохирогчид илрэх магадлалтай талаар АНУ-ын North Aurora-гийн Цагдаагийн газрын дарга хэвлэлд өгсөн мэдэгдэлдээ дурджээ.

Эх сурвалж: ABC NEWS

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 25, 2024 08:23

Хацар дээрээ үстэй харахаас сэжгийн заваан царайтай юм!

Холбоотой мэдээ

Back to top button