“Мэдрэмжтэй мэдээлье: Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал" хэлэлцүүлэг боллоо
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО болон Хэвлэл мэдээллийн зөвлөл хамтран “Мэдрэмжтэй мэдээлье: Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд сэтгүүл зүйн агуулгад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөллийг хангалттай гаргах, хэвшмэл ойлголтоос ангид байх, мэдээ мэдээллийг хүртээмжтэй болгохын зэрэгцээ оролцоог хангасан менежмент хэрэгжүүлэх тал дээр суралцах, сайжрахыг мэргэжлийн редакциудад, хөтөлбөрийг хэрэгжүүлэгчдийн зүгээс уриаллаа.
Аравдугаар сарын 25-нд энэ хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагын редакторуудын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга У.Тамир нээж үг хэлсэн юм. Мөн “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал”, “Тэгш байдал чадамж ТББ”-ын Гүйцэтгэх захирал Х.Батчимэг, Жендер ба медиа судлаач Д.Мөнхчимэг “Хэвлэл мэдээлэл яагаад олон талт байдал, оролцоог хангах хэрэгтэй вэ”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хэвлэл мэдээлэлд тусгаж буй байдал” сэдвээр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүйн багш доктор, дэд профессор Л.Ариун нар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах тал дээр хууль эрх зүйн зохицуулалтуудыг сайжруулах, урагшлуулах асуудал тулгарч байгааг хөндөж байлаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэвлэл мэдээллээс хүртээмжтэй мэдээлэл авах байдал дээр бодлогын түвшинд авч хэлэлцэх шаардлагатай байгаа талаар зөвлөлдсөн юм.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.