Гадаад мэдээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр эхэлнэ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр /2024.11.05/ эхэлнэ. Ихэнх мужуудад санал хураалтын байрууд орон нутгийн цагаар 07:00-09:00 (Улаанбаатарын цагаар 20:00-22:00 минут) хооронд нээгдэнэ. Санал хураалт мужуудаасаа хамаарч 19:00-23:00 минутын хооронд хаагдана. Өөрөөр хэлбэл Улаанбаатарын цагаар лхагва гарагт /2024.11.06/  08:00-12:00 минутын хооронд санал хураалт зогсох юм. Одоо сонгуулийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг харцгаая.

Тус улсын 60 дахь ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас Камала Харрис, Бүгд найрамдах намаас Доналд Трамп, Либертариан намаас Чэйс Оливер, Ногоон намаас Стайн, бие даан Корнелл Уэст өрсөлдөж байгаа юм.  

Хэн сонгууль өгч болох вэ

АНУ-д иргэд нь санал өгөхийг хүсэж байвал хэдэн энгийн шалгуурыг бүрдүүлж байх ёстой. Тэдгээр шалгуурууд бол

  • АНУ-ын иргэн байх
  • Санал өгөхөөр бүртгүүлсэн мужийнхаа оршин суугч
  • 18 ба түүнээс дээш настай байх хэрэгтэй юм.

Сонгууль өгөх эрх нь муж мужаас хамааран өөр байдаг. Жишээлбэл зарим мужид гэмт хэрэг үйлдэж байсан хүмүүс санал өгөх эрхээ бүр мөсөн алддаг бол, заримд нь хоригдлууд санал өгч болдог байна. АНУ-д санал өгөх эрхтэй 230 сая орчим хүн байдаг гэх тооцоо бий. Гэхдээ тэдгээрийн 160 сая нь л санал өгнө гэж бүртгүүлсэн байдаг. Бүртгүүлсэн хүн бүр мөн санал өгөөд байдаггүй. 2020 оны сонгуульд бүртгэлтэй сонгогчдын 66 хувь нь л саналаа өгсөн юм. Энэ нь сүүлийн зуу гаруй жилийн хугацаанд байгаагүй өндөр ирц байжээ.

Электорал коллеж

АНУ-ын сонгууль хэрхэн явагддаг, сонгогчид дараагийн удирдагчаа хэрхэн сонгодгийг ойлгохын тулд АНУ-ын Электорал коллежийг ойлгох шаардлагатай.

Америкчууд Конгрессын гишүүдээ шууд саналаар сонгодог бол ерөнхийлөгчөө шууд сонгодоггүй юм. Үүний оронд америкчууд сонгуульд саналаа өгөхдөө ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн нэр дэвшигчдэд зориулж саналаа өгөхийг тангарагласан мужийнхаа “электор”-уудын багийг сонгодог юм. Санал хураалтыг тооцож баталгаажуулсны дараа эдгээр төлөөлөгчид албан ёсны саналаа өгдөг. Тэдгээр электорууд арванхоёрдугаар сард хуралдан төлөөлж буй мужид нь ялсан нэр дэвшигчид саналаа өгдөг байна.

Электорал коллеж нь нийтдээ 538 электортой. Тэдгээр электоруудыг АНУ-ын муж бүрд хүн амынх нь тооноос хамааран хувааж өгдөг юм. Хамгийн их электортой мужууд бол Калифорни (54), Техас (40), Флорида (28) аж. Аливаа нэр дэвшигч ялахын тулд 270 элекор авах хэрэгтэй. АНУ-ын сонгуулийн систем ийм учир хамгийн их санал авсан хүн нь ялалт байгуулахгүй байх тохиолдол бий. Тухайлбал 2016 онд Хилари Клинтон улс даяар илүү санал авсан ч Доналд Трамп 270 электор хүрсэн тул ерөнхийлөгч болж байсан.

Гэхдээ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг аль намын нэр дэвшигчийг сонгох нь тодорхойгүй савлагаатай хэдэн муж л шийддэг. Калифорни муж Ардчилсан намын нэр дэвшигч, Техас муж Бүгд найрамдах намын нэр дэвшигч нэх мэтээр илт байдаг юм. Харин энэ удаагийн сонгуульд хэн гарах нь тодорхойгүй долоон савлагаатай муж бий. Тэдгээр бол Невада (6 электор), Хойд Каролина (16 электор), Пеннсильвани (19 электор), Жоржиа (16 электор), Аризона (11 электор), Мичиган (15 электор), Висконсин (10 электор) юм.

“ABC” агентлаг “538” фирмийн хамтран даваа гарагт /2024.11.04/ явуулсан санал асуулгаар Трамп Аризона, Жоржиа, Невада, Хойд Каролина, Пенсильвани мужуудад Харрис Мичиган, Висконсин мужуудад маш бага хувиар илүүрхэж байгаа аж.

Хэрэв электорууд тэнцвэл юу болох вэ

Хэрэв 269-269 тэнцээ үүсэх эсвэл гуравдагч этгээдийн нэр дэвшигч Электорал коллежийн санал авч, ямар ч нэр дэвшигч 270 саналд хүрээгүй бол дараагийн авах алхам нь “онцгой сонгууль” юм.

Онцгой сонгуулиар АНУ-ын Төлөөлөгчдийн танхим дараагийн ерөнхийлөгчийг сонгодог. Төлөөлөгчдийн танхим дахь гишүүн бүр мужаа төлөөлөн нэг санал өгч, аливаа нэр дэвшигч ялалт байгуулахын тулд мужийн төлөөлөгчдийн олонхын саналыг авах ёстой. Харин АНУ-ын Сенатын танхим дэд ерөнхийлөгчийг сонгодог. Үүнд ялалт байгуулахын тулд нийт 51 санал авах шаардлагатай. АНУ-ын түүхэнд 1801, 1825, 1837 онд онцгой сонгууль болж байсан.

Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button