Хоёр монгол оюутан БНХАУ-д эрүүгийн хэргээр шалгагдаж байна
БНХАУ-д суралцдаг хоёр монгол оюутан өөрсдийн дансыг ашиглуулсны улмаас тус улсад эрүүгийн хэрэгт холбогдоод буй талаар Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээлсэн.
Тодруулбал, БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр тус улсад суралцдаг оюутнууд өөрийн дансандаа үл таних Хятад иргэдээс их хэмжээний мөнгөн гүйлгээ хүлээн авч, Монгол Улсын нэр бүхий иргэд рүү шилжүүлснээс үүдэн БНХАУ-ын хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж, дансаа царцаах, хаалгах, цаашлаад цахим гэмт хэргийн хохирогч болсон байна. Мөн энэ асуудал сүүлийн үед нэлээдгүй гарах болжээ.
Иймээс Хятад улсад суралцаж буй оюутан залууст сэрэмжлүүлэх зорилгоор дээрх хэргийн талаар ЭСЯ болон ГХЯ-наас тодруулахад, “Шанхайд хоёр оюутан уг хэрэгт холбогдсон тохиолдолд гарсан. Улмаар тус газраас оюутнуудад зориулан сэрэмжлүүлэг гаргаж, Бээжин дахь ЭСЯ-нд мэдээллийг дамжуулснаар олон нийтэд хандсан анхааруулга мэдээлэл гаргаад байна. Мэдээлэл гарсанаас хойш дахин нэг оюутан энэ асуудлаар холбогдогсон. Одоогоор өөр мэдээлэл ирээгүй байна” гэлээ.
Мөн тус улсад суралцаж буй монгол оюутнуудад сэрэмжлүүлэх зорилгоор хэрэгт холбогдсон оюутнууд цагийн ажил хийх явцдаа мөнгө шижлүүлсэн. Эвсэл санаандгүй тохиолдлоор хууртаж мөнгө дансаараа дамжуулсан эсэхийг асуухад, “Хэрэгт холбогдсон хоёр оюутан Хятадын Эрүүгийн хуулийн дагуу шалгагдаж байгаа тул хэргийн үйл явцын талаар мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.
2024 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын 6600 гаруй суралцагч БНХАУ-д суралцаж байна. Харин БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгийг жил бүр Монгол Улсын 100 гаруй оюутан залуус авдаг байна.
Иймд БНХАУ-д суралцаж буй оюутан сурагчид болон иргэд, аж ахуйн нэгжүүд нь мөнгөн тэмдэгтийн улс хоорондын гүйлгээ хийхдээ анхаарал болгоомжтой хандаж өөрийгөө болон бусдыг цахим гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос сэргийлэхийг анхааруулж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.