АНУ-ын сонгуулийн өмнө Хойд Солонгос хэд хэдэн пуужин харвалаа
Хойд Солонгосын зэвсэгт хүчин өнөө өглөө /2024.11.05/ Зүүн тэнгис рүү ойрын тусгалтай хэд хэдэн баллистик пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын арми мэдээлсэн байна. БНАСАУ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль эхлэх өдөр ийнхүү пуужин харвав. Тодруулбал орон нутгийн цагаар 07:30 минутын орчим Хойд Солонгосын баруун хойд бүсэд байрладаг Хванхэ мужийн Саривон бүсээс хэд хэдэн пуужин хөөрчээ.
Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний нэгдсэн штабаас мэдэгдэл хийхдээ “Нэмж пуужин хөөргөж магадгүй тул манай арми хяналт, сонор сэрэмжээ бэхжүүлэхийн зэрэгцээ Хойд Солонгосын баллистик пуужингийн мэдээллийг АНУ, Японы эрх баригчидтай хуваалцаж байна” гэсэн юм. Өнгөрсөн долоо хоногт БНАСАУ Хвасон-19 нэртэй шинэ тив алгасагч баллистик пуужингаа туршсан.
АНУ-ын сонгуулийн өмнө пуужин харвахын гадна НҮБ-д Хойд Солонгосоос суудаг элчин сайд Ким Сон Пёнян цөмийн зэвсэг хөгжүүлэх хөтөлбөрөө түргэсгэнэ гэж мэдэгдсэн байна. Тэрбээр хэлэхдээ Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй дайсагнагч орнуудын зүгээс үзүүлж буй аюул заналхийллийн эсрэг цөмийн хөтөлбөрөө хурдасгана хэмээсэн юм.
Эх сурвалж: Yonhap, The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.