АНУ-ын сонгуулийн явц: “Fox News” агентлаг Трампыг ялсан гэж таамаглалаа
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал тооллого үргэлжилж байна. Тэгвэл “Fox News” агентлаг Бүгд найрамдах намын нэр дэвшигч Доналд Трампыг сонгуульд ялж, АНУ-ын 60 дахь ерөнхийлөгч болно гэж таамаглажээ. Одоогийн байдлаар бусад томоохон хэвлэлүүд таамаглал гаргаагүй байна. Тодруулбал “Associated Press” агентлагт Трамп 267, Харрис 214, “New York Times” сонин Трамп 267, Харрис 214, “CNN” агентлаг Трамп 266, Харрис 188, “BBC” агентлаг Трамп 266, Харрис 194 электорал саналтай байна гэж мэдээлжээ. Эхэлж 270 санал хүрсэн нэр дэвшигч ялна.
Сонгуулийн үр дүнг долоон савлагаатай муж шийддэг. Тэдгээрээс Хойд Каролина, Жоржиад Трамп ялалт байгуулаад буй. Мөн “Edison Research” фирмийн мэдээлснээр Трамп бусад хэд хэдэн савлагаатай мужид Харрисыг эргүүлж байгаа аж. Америкчууд ерөнхийлөгчөөс гадна Конгрессын гишүүдээ сонгож байгаа юм. Конгрессын дээд танхим буюу Сенатын танхимд сонгуулийн өмнө Ардчилсан нам олонх байсан. Тэгвэл санал хураалтаар Бүгд найрамдах нам одоо Сенатад олонх болжээ. Харин доод танхим буюу Төлөөлөгчдийн танхимд хэн олонх болох нь тодорхойгүй байгаа юм.
Нийт сонгогчдын 31 хувь нь эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал хамгийн чухал гэж үзэж байжээ. Санал асуулгаар бол тэдгээр сонгогчид Трампыг Харрисаас илүүд үзэж саналаа өгсөн аж. Мөн сонгогчдын 45 хувь нь гэр бүлийнх нь санхүүгийн байдал 2020 оны сонгуулийн өмнөхөөс муудсан гэж үзжээ. Тэдгээр сонгогчид Трампыг илүүд үзэж саналаа өгсөн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.