Доналд Трампын эргэн ирэлт хийсэн өдөр
АНУ-ын 60 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгууль орон нутгийн цагаар мягмар гарагт /2024.11.05/ буюу Монголд хоёр өдөр дамжин явагдсан. Тус сонгуульд Бүгд найрамдах намын нэр дэвшигч Доналд Трамп ялалт байгуулсан юм. Ийнхүү тэрбээр ерөнхийлөгчийн албанд эргэн ирж, Цагаан ордонд дахин нэг суух боллоо.
Санал хураалт ихэнх мужуудад орон нутгийн цагаар мягмар гарагийн 07:00-09:00 (Улаанбаатарын цагаар 20:00-22:00 минут) хооронд нээгдсэн юм. Харин аль муж гэдгээсээ хамаарч 19:00-23:00 минутын хооронд (Улаанбаатарын цагаар лхагва гарагт /2024.11.06/ 08:00-12:00 минутын хооронд) хаагдсан.
Санал хураалт мужуудад хаагдан, тооллого явуулж эхэлсэн цагаас хойш Трамп Харрисыг илэрхсэн юм. Тэрхүү илүүрхлээ Трамп тооллого явагдсан хугацааны туршид огт алдалгүй явсаар сонгууль ялалт байгуулав. “CNN” агентлагийн ахлах сэтгүүлч Харри Энтэн “Эхнээсээ л бүх зүйл тодорхой байсан гэдгийг би хэлэх хэрэгтэй. Санал тооллогын явцад ямар ч хэлбэлзэл ажиглагдаагүй. Тооллого дууссан анхны мужуудаас эхлээд л Трамп илүүрхсэн. Энэ нь 2020 сонгуулиас тэс ондоо байлаа. Тэр үед тооллого явагдах хугацаанд нэр дэвшигчдийн илүүрхэл хэлбэлзэж дээр доор орсон” гэсэн юм.
Трамп албан ёсны хариу зарлагдахаас өмнө өөрийгөө ялалт байгуулснаа зарлаж, Флорида мужид үг хэлсэн. Тэрбээр Фалм Бич уулзалтын төвд дэмжигчдийнхээ урд зогсон “Бид эх орноо анагаан, хил хамгаалалтаа засна. Өнөө орой бид түүхийг бүтээлээ. Улс төрийн хамгийн гайхалтай ялалтыг гаргасан. Би Америкийн ард түмэнд талархаж буйгаа илэрхийлмээр байна. Би та бүхэн болон гэр бүлийн тань төлөө амьсгал авах болгондоо тэмцэнэ” гэжээ. Мөн тэр “Би амь гарсан нь учир шалтгаантай” хэмээсэн юм. Бүгд найрамдах намын Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсоноос гадна Конгрессын дээд танхим буюу Сенатад тус нам олонх болсон байгаа. Энэ нь Бүгд найрамдах намынхны хувьд маш том давуу тал болсон.
Түүнийг ялалт байгуулсны дараа Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Францын Ерөнхий сайд Эммануэль Макрон, Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен гэх мэт удирдагчид баяр хүргэсэн байна.
Саналын тооллого явагдан, Трамп илүүрхэж эхэлсэн мөч л АНУ болон дэлхийн зах зээлд томоохон шилжилт хөдөлгөөн явагдав. Тодруулбал АНУ-ын засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 4.47 хувь хүрч, дөрвөн сарын дээд хэмжээнд тулсан байна. Мөн 30 жилийн хугацаатай 22 суурь нэгжээр өсөж 4.669 хувь болжээ. Цаашлаад ам.долларын индекс 1.6 хувиар нэмэгдэж, Биткойн түүхэндээ анхны удаа 75 мянган ам.долларын босгыг давсан. Дэлхийн зах зээлийн хувьд Японы “Nikkei” индекс 2.5 хувь, Европын “STOXX” индекс 1.1 хувиар өссөн байна. Харин Хонконгийн хувьцаанууд 2 гаруй хувиар буурч, алтны үнэ 0.8 хувиар бууран унц нь 2,720 ам.доллар болжээ.
-Гаднын орнууд хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдсон-
2020 оны сонгуульд Иран, ОХУ хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдсон гэж АНУ-ын тагнуулын албаныхан мэдэгдсэн байсан билээ. Тэгвэл энэ удаагийн сонгуульд ч мөн адил тэдгээр улсууд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон гэж тагнуулын албанууд мэдээлсэн байна. АНУ-ын Үндэсний тагнуулын газрын даргын алба, Холбооны мөрдөх товчоо, АНУ-ын цахим аюулгүй байдлын алба хамтран мэдэгдэл гаргахдаа ОХУ-тай холбоотой нөлөөлөгчид сонгуулийн үнэн шударга байдалд эргэлзээ үүсгэхийг оролдож байна гэсэн юм.
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо мягмар гарагт /2024.11.05/ мэдэгдэл хийхдээ хэд хэдэн мужийн санал хураах байрыг дэлбэлнэ гэж сүрдүүлсэн хэрэгтэй ОХУ-ын цахим шуудангийн домэйнээс үүдэлтэй байсан хэмээжээ. Тэдгээр сүрдүүлгийн аль нь ч бодитой биш гэж Холбооны мөрдөх товчоо мэдэгдсэн ч үүний улмаас хэд хэдэн санал хураах байрыг түр хугацаанд хаасан байна.
Тэгвэл Вашингтон дахь ОХУ-ын Элчин сайдын яам ингэж буруутгасан явдал нь үндэслэлгүй гүтгэлэг гэжээ. Риа Новости агентлаг мэдээлснээр тус яам “ОХУ-ын нөлөөллийн талаарх бүх гүтгэлэг нь АНУ-ын дотоод улс төрийн тэмцэлд ашиглах зорилгоор зохион бүтээсэн хорон санаат зүйл” хэмээсэн аж. Өмнө нь Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Москва хөндлөнгөөс оролцохоор оролдож байгаа гэдэг нь үндэслэлгүй гэж хэд хэдэн удаа мэдэгдэж байсан.
Ийнхүү дэлхий дахинаа томоохон хүлээлт үүсгэсэн сонгууль явагдаж, Трамп эргэн ирэлт хийв. Тэрбээр иргэдэд тулгараад буй амьжиргааны зардлын асуудал, хууль бус цагаачлал гэх мэт томоохон асуудлуудыг шийднэ гэх амлалт өгч гарч ирсэн. Трамп ялалт байгуулсан нь АНУ-ын цагаачлал, худалдаа, цаг уур, Украины дайн, гаалийн татварын бодлогод маш том өөрчлөлтийг авчрах нь дамжиггүй. Түүний санал болгосон гаалийн татвар нь БНХАУ болон холбоотон орнуудтай нь худалдааны дайн үүсгэж магадгүй гэж эдийн засагчид үзэж байгаа.
Энэ жилийн сонгуулийн үр дүнг Конгресс 2025 оны нэгдүгээр сарын зургаанд батална. Үүний дараа Трамп өөрийн Дэд ерөнхийлөгч Ж.Д Ванстай нэгдүгээр сарын 20-ны өдөр тангараг өргөх юм.
Эх сурвалж: Reuters, CNN, Euro News, Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баяр хүргэж байна.