Дональд Трамп дахин сонгогдсоноор АНУ-ын гадаад, дотоод бодлогод ямар өөрчлөлт орох вэ
Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоноор цаашид олон улсад хэд хэдэн өөрчлөлт гарна хэмээн ажиглагчид таамаглаж байна.
Гадаад бодлогын тухайд,
Хятадтай харилцаа: Трампын өмнөх удаа эрх барих үедээ Хятадтай хамтын ажиллагаа болон худалдааны асуудлууд дээр хүчтэй маргаан дагуулж байсан. Тэрбээр Хятадтай хийсэн худалдааны хэлэлцээрүүдийг эрс шүүмжилж, өндөр тариф, эдийн засгийн зөрчилдөөнийг улам дэвэргэх шийдвэрүүд гаргасан юм. Тэгэхээр цаашид түүний энэ байр суурь үргэлжилж, олон улсын худалдааны харилцаа, Хятадтай холбоотой стратегийн бодлогууддаа илүү хатуу байр суурийг баримтлахаар байна.
Оросын асуудал: Оросын талаар Трампын хандлага тодорхойгүй байсан ч, тэрбээр Оросын эсрэг хүчтэй арга хэмжээ авах тал дээр тийм ч хүчтэй байр суурь илэрхийлэхгүй болов уу. Трамп дахин сонгогдсоноор АНУ болон Оросын харилцаа ямар байх вэ гэдэг нь том асуулт хэвээр байна.
Дотоод бодлогын тухайд,
Татварын бодлого: Трамп урьд өмнөх хугацаанд эдийн засгийн өсөлтөд түлхэц өгсөн татварын хөнгөлөлтүүдийг хэрэгжүүлж байсан. Түүний хоёр дахь удаагийн засаглалд эдийн засгийг дэмжих татварын шинэчлэл, компаниудад чиглэсэн бодлого үргэлжилнэ. Мөн ам.долларын ханш Канад, Мексик зэрэг зарим улс орнуудын эсрэг чангарах болов уу.
Цагаачлал: Трампын дотоод бодлогын нэг гол асуудал нь цагаачлал. Тэрбээр хууль бусаар орж ирсэн цагаачдыг хөөх, энэ тал дээр хатуу бодлого баримтлахаа хүчтэй илэрхийлж ирсэн нь цаашид илүү чангарах төлөвтэй байна.
Эрүүл мэндийн бодлого: Трампын өмнөх засаглалд “Обама Кэйр” гэх эрүүл мэндийн реформын хуульд олон удаа өөрчлөлт оруулж, улмаар зогсоож байсан. Халамжийн бодлогуудыг төдийлөн сайшаадаггүй түүний хувьд цаашид даатгалтай холбоотой хуулиуд дээр өмнөх байр сууриа хадгалах болов уу.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.