“Трамп Путинтэй аль болох эрт утсаар ярьж дайнаа зогсоох хэрэгтэйг хэлнэ”
АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Дональд Трамп Орос-Украины дайныг дуусгахаар түргэн дуусгахаар эрмэлзэнэ гэж Украин дахь тусгай төлөөлөгч, НАТО дахь АНУ-ын элчнээр ажиллаж байсан Курт Волкер хэлсэн байна. Тэрбээр Трамп өмнө нь ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед буюу 2017-2019 оны хооронд Украин, ОХУ-ын хэлэлцээрт оролцож байсан юм. Волкер “Kyiv Independent” сонинд өгсөн ярилцлагадаа Трамп Путинтэй аль болох эрт утсаар ярьж дайнаа зогсоох хэрэгтэйг хэлнэ гэжээ.
Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсон тул АНУ-аас Украинд үзүүлж буй дэмжлэг хэрхэх талаар тодорхойгүй нөхцөл байдал үүссэн байгаа. Волкерийн үзэж байгаагаар бол Путин Трампын хувьд "овжин, зальтай өрсөлдөгч" байх аж. Путин наймаалахыг хүсэхгүй, харин Украинд бүхэлд нь ноёрхохыг хүсэж байна гэж тэр “Kyiv Independent” сонинд хэлсэн байна.
Хэрэв Трамп энэхүү мөргөлдөөнийг зогсоохыг хүсэж байвал Путинд дайныг үргэлжлүүлэх нь хэтэрхий их хохиролтой тусах болно гэдгийг ойлгуулж, илүү хүчирхэг байдлыг харуулах хэрэгтэй гэж Волкер хэлжээ.
Волкерийн үзэж буйгаар ингэж болох нэг хувилбар нь нефть, хийн олборлолтыг нэмэгдүүлж, зах зээлийг хямд эрчим хүчээр хангах аж. Энэ нь ОХУ-ын төсөвт муугаар нөлөөлнө. Өөр нэг тактик нь Украиныг зэвсэг худалдан авахад зориулж зээл олгох хэлэлцээр байж болох аж.
Тэрбээр “Трамп Америкийн татвар төлөгчдийн мөнгийг Украинд зарцуулахыг хүсэхгүй байгаа боловч Украиныг өөрийгөө хамгаалахад шаардлагатай зээлийг авах боломжийг олгохыг хүсэж байгаа” гэж хэлэв. Волкер нэмж “Зээлийг 500 тэрбум ам.доллар хүргэж чадвал, Путинд дайнд ялах боломжгүй гэсэн санааг хүргэхэд хангалттай тоо байх болно. Ингэснээр дайныг шийдвэрлэхэд чиглэсэн алхам болно” хэмээсэн юм
Трамп нэгдүгээр сарын 20-нд ерөнхийлөгчийн тангаргаа өргөн, ажлаа хүлээн авна. Тэгэх үед Украины дайн эхлээд бараг гурван жил өнгөрсөн байх юм. Трамп кампанит ажлынхаа үеэр дайныг 24 цагийн дотор дуусгана гэж удаа дараа хэлсэн нь түүнийг ямар төлөвлөгөөтэй байгаа тал дээр ихээхэн таамаг төрүүлээд байна.
“Chatham House” нэртэй Орос болон Евразийн тухай тинк танкийн дэд захирал Орси Лутсевич “Трамп Украинд юу ч авчирч болно. Их гүрний улс төрийн тоглоомд зориулж Украиныг худалдах уу, эсвэл ОХУ-ыг нөхцөл байдлыг хүндрүүлэхийг илүүд үзэх үү” гэжээ. Тэрбээр нэмж “Трамп Путинийг биширдэг тул Кремль энэ талыг нь ашиглах эрсдэлтэй. Хэрэв Трамп Украин өөрийнх нь амбицад саад учруулж байна гэж үзвэл, Европын асуудал хэмээн орхих магадлалтай” хэмээсэн юм.
Эх сурвалж: Newsweek
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Трамп Украинд үзүүлэх тусламжаа зогсооно. Зэвсэгээ зээлээр өгнө. Гэхдээ зээлээр авсан зэвсэгээ хаана ашиглахаа Украин өөрөө мэднэ гэж зарлана даа. Ингэснээр оросуудыг яриа хэлцлийн ширээний ард суулгана даа.