Испанид 100 мянга гаруй хүн үерийн менежментийг шүүмжлэн жагслаа
Аравдугаар сарын сүүлээр Испанийн Валенсиа мужид нэг жил орох хэмжээний бороо найман цагийн дотор бууж 223 хүн амь үрэгдэн, 93 хүн сураггүй хэвээр байгаа юм. Тус үерийн улмаас 3.5 тэрбум еврогийн дэд бүтцийн хохирол учирсан гэх тооцоолол байна. Тэгвэл бямба гарагт /2024.11.09/ эрх баригчид үерийг хэрхэн менежмент хийснийг шүүмжилж 100 мянга гаруй хүн Валенсиа мужид жагсжээ.
“Efe” гэх мэт Испанийн хэвлэлийн агентлагууд засгийн газрын мэдээллийг иш татан мэдээлэхдээ 130 мянга гаруй хүн эсэргүүцлийн жагсаалд оролцсон гэсэн юм. Жагсагчид “Бид шаварт будагдсан, харин та нар цусанд будагдсан” хэмээн орилолдоож байжээ. Тэд орон нутгийн эрх баригчдыг үерийн сэрэмжлүүлгийг хэтэрхий оройтож гаргасан гэж буруутгаж байгаа юм.
Жагсаалын төгсгөлд уурссан иргэд цагдаа нартай мөргөлдсөн байна. Эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулсан хүмүүсийн нэг болох Анна Оливер “Маш олон хүнд нөлөөлсөн энэ гамшгийг эсрэг дорвитой арга хэмжээ аваагүйд уурлаж буйгаа бид харуулахыг хүсэж байна” хэмээжээ. Тэгвэл Валенсиа мужийн дарга Карлос Мазон хэлэхдээ албан тушаалтнууд нь төв засгийн газраас хангалттай хэмжээний анхааруулга хүлээн аваагүй, урьдчилж таамаглах боломжгүй том гамшиг тохиосон гэсэн байна.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.