Гадаад мэдээ

Судалгаа: Ажлын байрны ядрал сэтгэл хөдлөлөө зохицуулахад хүндрэлтэй болгож магадгүй

Ажил дээр хүндхэн өдөр өнгөрсөн үед бусад хүмүүстэй харилцах хүчгүй болж, заримдаа уцаарлах тохиолдол гардаг. Тэгвэл нэгэн шинэ судалгаа сэтгэл хөдлөлөө удаан хугацаагаар хянаж, биеэ барих нь тархины шийдвэр гаргаж, импульсээ хянадаг хэсгүүдийг ядрааж магадгүй гэдгийг харуулжээ. Ингэснээр бусдад хэрхэн хандаж, ямар зан гаргахаа удирдахад илүү хүндрэлтэй болгож магадгүй юм.

Тус судалгаа даваа гарагт /2024.11.11/ “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд нийтлэгдсэн байна. Судалгааг явуулсан эрдэмтэд сэтгэл хөдлөлөө удаан хугацаагаар хянах нь хүнд ямар нөлөө үзүүлдгийг шинжилсэн аж. Ингэхдээ тэд 44 оролцогчийг 45 минутын турш компьютер дээр суурилсан үйл ажиллагаа хийлгэжээ. Тэдгээр ажиллагаанд сэтгэл хөдөлгөх зорилготой бичлэг үзэх багтсан байна.

Оролцогчдыг хоёр хувааж нэг хэсгийг нь үзсэн бичлэгтээ ямар нэгэн сэтгэл хөдлөл гаргахгүй байхыг заавар болгожээ. Харин үлдсэн оролцогчид сэтгэл хөдлөлөө хяналгүй хүссэнээрээ илэрхийлж болох байсан юм. Үүний үр дүнд сэтгэл хөдлөлөө хянах бүлгийн оролцогчдын их тархины урд хэсэгт дельта долгионы идэвхжил нэмэгджээ. Их тархины урд хэсэг нь шийдвэр гаргах, импульсээ удирдахыг зохицуулдаг үүрэгтэй. Харин сэтгэл хөдлөлөө удирдахгүй байх бүлэгт ийм өөрчлөлт ажиглагдаагүй юм.

Үүний дараа оролцогчид хэд хэдэн тоглоом хамт тоглосон байна. Тэдгээрийн нэг нь “шонхор ба тагтаа” гэх тоглоом байжээ. “Шонхор ба тагтаа” нь хүмүүс нөөцөө хуваалцан хамтран ажиллах уу эсвэл өөртөө хадгалахын тулд дайсагнан хандах уу гэдгээ шийддэг тоглоом аж. Тэгвэл сэтгэл хөдлөлөө хянаагүй бүлгийн хүмүүсийн 86 хувь нь тагтаа мэт тоглоомыг тоглож, хамтран ажиллажээ. Харин удирдсан хүмүүсийн 41 хувь нь л тагтаа мэт тоглосон байна. Үүнээс харвал сэтгэл хөдлөлөө удирдаагүй хүмүүс илүү шонхор мэт тогложээ.

Эрдэмтэд үүний дараа 403 хүнийг хоёр бүлэгт хувааж дахин судалгаагаа явуулсан байна. Ингэхэд сэтгэл хөдлөлөө удирдсан бүлэг нь илүү түрэмгий зан авир гаргасан юм. Судалгааг ахалж бичсэн Италийн Ахисан түвшний судалгааны IMT сургуулийн эрдэмтэн “Ойр дотнын хүнтэйгээ ярилцахыг хүсэж байгаа ч сэтгэл зүйн хувьд ядарч туйлдсан байвал хэрэггүй. Амраад өөр өдөр ярилцаарай” гэжээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button