Гадаад мэдээ

Танилц: Трамп гол албан тушаалуудад томилсон хүмүүс

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт /2024.11.05/ явагдаж, Бүгд найрамдах намын Доналд Трамп ялалт байгуулсан. Тэрбээр одоо танхимын гишүүд болон бусад өндөр албан тушаалтнуудыг сонгох үйл явцыг эхлүүлжээ.

Суси Уайлес, Цагаан ордны тамгын газрын дарга

Зургийн эх сурвалж: CBC

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2024.11.07/ Трамп Уайлесыг өөрийн Цагаан ордны тамгын газрын даргаар томилохоо зарласан. Уайлес бол түүний сонгуулийн кампанит ажлын нэгийг удирдсан хүн юм. Түүний улс төрийн үзэл бодол одоогоор тодорхойгүй байгаа ч, 67 настай Уайлес нь амжилттай, үр дүнтэй кампанит ажил зохион байгуулснаараа нэр хүндтэй. Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд тамгын газрын дарга нь байнга солигдож байжээ. Уэйлес өмнөх дарга нарыг бодвол сахилга баттай, эмх цэгцтэй байдлыг бий болгоно гэж дэмжигчид нь найдаж байгаа.

Том Хоман, хил хариуцсан дарга

Зургийн эх сурвалж: Alaska Public Media

Ням гарагийн /2024.11.10/ орой Трамп өөрийнх нь анхны бүрэн эрхт хугацаанд Цагаачлал ба Гаалийн хяналтын албаны захирлаар ажиллаж байсан Хоманыг улсын хилийг хариуцах даргаар томилохоо мэдэгджээ. Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хууль бусаар оршин суугаа хүмүүсийг баривчлах ажлыг эрчимжүүлэх амлалт өгсөн. Тэгвэл Хоман даваа гарагт /2024.11.11/ аюул занал учруулж байгаа хууль бус цагаачдыг болон ажлын байр эзэлсэн цагаачдыг албадан гаргахад голчлон анхаарахаа мэдэгдсэн юм. Трамп өөрийн Truth Social платформд нийтэлсэн постдоо Хоманыг “Улсын хилийг хариуцаж ажиллах Хилийн Цар. Үүнд өмнөд хил, хойд хил, тэнгисийн болон нисэх онгоцны буудлын аюулгүй байдлыг хянах, мөн хууль бусаар оршин суугаа хүмүүсийг албадан гаргах ажлыг хариуцна" гэж бичжээ.

Элис Стефаник, НҮБ-д суух элчин сайд

Зургийн эх сурвалж: NBC News

Трамп Стефаникийг Нэгдсэн Үндэстний Байгууллагад суух элчин сайдаар томилохоо даваа гарагт /2024.11.11/ зарлав. 40 настай Стефаник нь Нью-Йорк мужийн төлөөлөгч, Төлөөлөгчдийн танхимын Бүгд Найрамдахчуудын бага хурлын даргаар ажиллаж байсан юм. Тэрбээр 2021 онд Төлөөлөгчдийн танхимд удирдах албан тушаалд томилогджээ. Трамп мэдэгдэлдээ “АНУ-ын НҮБ-д суух элчин сайдаар миний кабинетад ажиллах хүнээр Стефаникийг сонгож буйдаа баяртай байна. Элис бол хүчирхэг, тэсвэртэй, ухаалаг, “Америк Нэгдүгээрт” үзлийг тууштай баримталдаг тулаанч хүн” гэжээ. Трамп ОХУ-Украины дайн, Израилын Газын дайн дуусах талаар амлалт өгөөд байгаа нөхцөлд Стефаник НҮБ-д очих болно.

Ли Зелдин, Байгаль орчныг хамгаалах агентлагийн захирал

Зургийн эх сурвалж: Reuters

Трамп даваа гарагт /2024.11.11/ Нью-Йорк мужийн төлөөлөгч асан Ли Зелдиныг Байгаль орчныг хамгаалах агентлагийн захирлаар томилохоо мэдэгджээ. Зелдин уг албыг хүлээн авч ажиллахаа мөн зарласан байна. 44 тэрбээр настай Трампын тууштай дэмжиж ирсэн. Зелдин 2015-2023 онд Конгресст ажилласан юм. 2022 онд тэрбээр Нью-Йорк мужийн амбан захирагчийн сонгуульд Ардчилсан намын нэр дэвшигч Кэти Хочулд ялагджээ. Трамп АНУ-ын эрчим хүчний бодлогыг шинэчилж, тус улсын нефть, байгалийн хийн олборлолтын түүхэн дээд хэмжээнд хүрэх зорилгоор зохицуулалтыг бууруулж, зөвшөөрлийн үйл явцыг хурдасгахаа амласан. Зелдин Байгаль орчныг хамгаалах агентлагийн захирлаар ажиллахдаа эдгээр бодлогыг хэрэгжүүлэх гол үүрэгтэй ажиллах юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button