Нийгмийн

COP29, Б.Оюунсанаа: Бидний хувьд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх гол чиглэл бол ойг нөхөн сэргээх, тэлэх

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 12-нд Азербайжан улсын Баку хотноо COP29 буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн Дээд хэмжээний уулзалт албан ёсоор эхэллээ. Тус уулзалтыг тойрсон сэдвээр Ойн газрын дарга Б.Оюунсанаагаас тодрууллаа.

Eguur News агентлаг Баку хотоос сурвалжилга бэлтгэж буй.

Тэрбээр, "Энэ жил миний авсан мэдээллээр 40 гаруй мянган хүн энэхүү хуралдаанд оролцож байна. Хувийн хэвшлээс эхлээд, иргэний нийгмийн байгууллага, төрийн тэргүүд, салбарын сайд нар хүрэлцэн иржээ.

Миний хувьд ойн сэдвээр голчилж ярья. Улс орон бүр өнгөрсөн хугацаанд уур амьсгалын өөрчлөлтөөс болж байгаль орчин, хүний нийгэмд ямар сөрөг өөрчлөлт гарч байгаа талаар дүгнэж, цаашдын авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлдог. Монгол орны хувьд эх газрын онцлогоор, уур амьсгалын өөрчлөлтөд гурав дахин хурдтай өртөж буй. Нийтдээ жилд 10 орчим сая га буюу БНСУ-ын нутаг дэвсгэртэй дүйцэх хэмжээний ой доройтож байна.  Тэгэхээр бид яах ёстой вэ?

Олон талын оролдлого хийж буйн нэг нь мод тарих буюу “ногооруулах”. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Ерөнхийлөгч санаачилсан. Пакистан 10  тэрбум, Европын холбоо 3 тэрбум, БНХАУ 70 гаруй тэрбум модыг тарьж, ургуулж байна. Дэлхийн улс орнууд олон алхам хийж буйн  нэг нь мод тарих, үүнийг дагасан экосистемийг нөхөн сэргээх юм.

Иймд манай “Тэрбум мод” хөдөлгөөн нь дэлхийн бусад улс орнуудын чиг хандлагатай нийцсэн. Багадаа тэрбум, цаашид тэрбум тэрбумаар тоологдох модыг ургуулах ёстой болж буй.

Монгол орны хувьд сүүлийн 30 жилийн хугацаанд 1.6 сая га талбай хөнөөлт шавж, түймрийн улмаас доройтсон. Эдгээрийг нэн тэргүүнд нөхөн сэргээх шаардлагатай. Байгальд суурилсан шийдэлд анхаарах буюу хэдэн мянган жил мод ургаагүй газар тарих биш, доройтсон хэсгийг нөхөн сэргээх нь оновчтой. Иймд үүнийг харгалзан үзэж, ойн экосистемийг тэлэх учиртай.

Ой дэлхийн хуурай газрын амьд организмын 30 хувийг агуулдаг. Дэлхийн амьд организмын гуравны нэг нь ойгоос хамааралтай гэсэн үг шүү дээ. Энэ утгаар ой бол гэр. Энэ гэрийг хэрхэн хамгаалж, авч үлдэх вэ гэсэн чиглэлээр эдгээр ажлууд хийгдэж байна.

Монгол Улсын хувьд COP29 хуралдаанд олон чиглэлээр оролцдог. Маргааш 11 сарын 13-ны өдөр Монгол Улс санаачилснаар Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал, Цөлжилтийн эсрэг асуудлаар уулзалт арга хэмжээ зохион байгуулах нь анхаарлын төвд байна” гэлээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button