Нийгмийн

COP29, П.Батхишиг: Төсөв, төслөөр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхгүй тул санхүүжилт татах өрсөлдөөн хүчтэй өрнөж байна

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 12-нд Азербайжан улсын Баку хотноо COP29 буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн Дээд хэмжээний уулзалт албан ёсоор эхэллээ. Уулзалтыг тойрсон сэдвээр Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч П.Батхишигээс тодруулав.

Тэрбээр "Энэ жил өмнөх уулзалтуудаар яригдсан ажлыг дүгнэхийн зэрэгцээ, санхүүжилтийн тухай сэдвийг голчилж байгаа нь анзаарагдлаа.

Уур амьсгалын өөрчлөлт бол зайлшгүй асуудал. Харин тэмцэх ажилд төсвийн бөгөөд төслийн мөнгүүд хүрдэггүй. Түүнчлэн энэ нь ирээдүй хойч үедээ чиглэсэн бүх нийтийн үйлс юм.

Өчигдөр санхүүжилтийн чиглэлээр хоёр хэлэлцүүлэгт орлоо. Хувийн хэвшлийг хэрхэн татан оролцуулах вэ. Тэдэнд санхүүжилт авахад ямар саад бэрхшээл учирч байна вэ гэдэг агуулгыг ярьцгааллаа. Санхүүжилт босгож байгаа ч авах боломж нь хөгжиж буй орнуудын хувьд хязгаарлагдмал юм байна. Олон донор байгууллага бий ч санхүүжилт татахыг өрсөлдөөн гэж харах хэрэгтэй. Иймд үүнийг дагаад өөрсдөө чадамжтай, менежменттэй байх шаардлага бий болж буй.

Парисын хэлэлцээрийн үр дүнг 2024 онд 10 дахь жилдээ дүгнэн хэлэлцэнэ. Зорилт бүхий 2030 он удахгүй ирэх гэж байна. Энэ бага хугацаанд санхүүжилтийг нэмэх нь зайлшгүй асуудал болсонд талууд санал нэгдсэн. Сүүлийн үед бондуудыг дахин санхүүжүүлэх, ногоон бондоор солих, үүгээр гарсан нэмэгдэл эх үүсвэрийг байгаль орчинд зарцуулах асуудал шинээр яригдаж байна.

Нөгөө талаас санхүүжилт үр дүнтэй зарцуулагдах, байгаа онох нь чухал. Зарим төсөлд сайн муу тал нь зэрэгцдэг. Мөнгө хэдий хязгаарлагдмал байгаа ч зарцуулалт ялгаагүй чухал юм. Мөн хувийн хэвшлийн салбарыг татан оролцуулах нь чухал гэж харж байгаа. Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны чиглэлээс хол явж ирлээ шүү дээ. Тэгж байж урт хугацааны үр дүн бий болно. Үүнийг төр дангаараа хийж чадахгүйг бид ойлгож авсан.

Оролцогчийн хувьд, уур амьсгалын өөрчлөлтөд бүх улс орон жигд анхаарал хандуулдаг болсныг анзаарлаа. Нэг хэсэг хөгжсөн орнуудыг чухалчилсан. Дараа нь буурай орнууд руу чиглэсэн. Одоо бүгдийнх нь, бүх нийтийн асуудал гэдэгт санал нэгдсэн байна. 100 тэрбум ам.доллар гэдэг тасралтгүй өсөж буй тоо. Энэ хэрээр бид алхам алхмаар ахиж байгаа гэсэн үг.

Бид уур амьсгалын өөрчлөлтөд нөлөө багатай ч нөлөөнд хамгийн их өртдөг улсын нэг. Зудын давтамж нэмэгдэж, ойн бүс багассаар байна. Үр нөлөө нь бидэнд илүү тусаад байна л даа. Тэгэхээр бид энэ нөлөөнд яаж дасан зохицох вэ, бууруулах вэ гэдэг дээр бодлогын өөрчлөлтөө тодорхойлж явах нь зүйтэй гэж харж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button